БАЯН-ӨЛГИЙ: Хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудлаар хамтран ажиллах санал тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият Турк Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ТИКА)-ын Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн зохицуулагч Али Муслуг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ТИКА-гийн дэмжлэгээр тус аймагт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.
Тус байгууллага өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймагт 20 ортой Асрамжийн газрын барилгыг барих, хүүхдийн цэцэрлэгүүд болон Нэгдсэн эмнэлгийн тасгуудад засвар хийх, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх, хүлэмж байгуулах зэрэг олон ажлыг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга А.Камелият орон нутгийн хөгжлийг дэмжиж хамтран ажиллаж ирсэн ТИКА олон улсын байгууллагад талархал илэрхийллээ. Мөн цаашид эрүүл мэнд, боловсролын салбараас гадна хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг онцолж хамтран ажиллахыг хүслээ.
ТИКА олон улсын байгууллагын Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч Али
Муслу тухайн саналыг судалж дэмжин ажиллахаа илэрхийлэв.