П.Погба “Ювентус”-т үргэлжлүүлэн тоглох хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-10-17 14:22:33

МОСКВА, 2024 оны аравдугаар сарын 17 /РИА Новости/.  Сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөний учир эрхээ хасуулаад байсан дэлхийн аварга хөлбөмбөгчин, Францын хагас хамгаалагч Пол Погба эрхээ сэргээлгэснийхээ дараа Италийн “Ювентус” клубт тоглохын тулд цалингаа хасуулахад ч бэлэн байгаа ажээ.  


Спортын арбитрын шүүхээс (CAS) сэргээш хэрэглэсний учир Погбагийн тэмцээнд оролцох эрхийг 4 жилээр хассан юм. Хэд хоногийн өмнө тус шүүхээс энэ хугацааг богиносгох шийдвэр гаргаснаар тэрбээр 2025 оны нэгдүгээр сараас тоглолтын бэлтгэлдээ гарах боломжтой.


“Надад тоглох гэсэн цорын ганц хүсэл байна. Шинэ Погба илүү ухаалаг, илүү хүчтэй болсон. Би 2025 онд хэвийн амьдралдаа буцаж орох болно” хэмээн Погба ярьсныг La Gazzetta dello Sport сонинд нийтэлжээ.


Заримд хэвлэлд бичсэнээр бол, хэдийгээр эрх нь сэргэх боловч Турины “Ювентус” баг Погбатай хийсэн гэрээгээ цуцлахаар төлөвлөж байгаа бололтой. Иймээс тэрбээр “Марсель” эсвэл Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн /MLS/ багт элсэж, хөлбөмбөгчний замналаа үргэлжлүүлэх болов уу гэсэн таамаглал гарчээ.


Одоо би Ювентусын тоглогч хэвээр байгаа, багтаа үргэлжлүүлэн тоглохын тулд мөнгөнийхөө зарим хэсгийг буцааж өгөхөд ч бэлэн байна” гэж Погба ярьсан байна.  


Өмнө нь тэрбээр 2012-2016 онд Ювентуст тоглож байсан бөгөөд 2022 оны зун тус клубт эргэж ирсэн юм.

Өдгөө 31 настай Погба 2018 онд Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд ДАШТ-нд түрүүлж байсан билээ. 

相关新闻