Ц.Нямдорж: 100 тэрбум төгрөгийн гэрээ хууль ёсны эсэхийг шалгах ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр Төрийн ордонд “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар дахин мэдээлэл хийв.
Тэрбээр, “Энэ оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хооронд гэрээ байгуулсан. Гэрээ 2017-2021 оны хооронд буюу 5 жилийн хугацаанд шохой нийлүүлнэ гэж заажээ. Гэрээнд урьдчилгаа төлбөртэй байна. Тэр нь 15 гаруй тэрбум төгрөг байхаар заажээ. Гэхдээ урьдчилгаа төлбөрийг жил бүрийн эхний сард хийнэ хэмээн гэрээ хийсэн.
Хоёрдугаарт “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй 8 дугаар сарын 25-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ган бөмбөлөг худалдан авах уг гэрээ нь мөн 2017-2021 оны хооронд үйлчилнэ. Түүнчлэн урьдчилгаа төлбөр 87 тэрбум 119 сая төгрөг байх ба гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 5 хоногийн дотор шилжүүлнэ гэж заасан байна. Нийт дүнгээрээ бол 100 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн.
Гэрээ хийснээс хойш 40-өөд хоног өнгөрч байна. Хөтөл, Хар төмөрлөгийн үйлдвэрүүд Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очсоныг би удаа дараа мэдээлж байсан. Энэ хоёр үйлдвэр рүү “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг "хөөж" гаргасан байна" гэв.
Тэрбээр энэхүү гэрээ хууль ёсны эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж, эцсийн шийдвэр гаргах ёстой хэмээн үзэж байв. Үүний зэрэгцээ "Эрдэнэт" үйлдвэрийн төсөвт төвлөрүүлэх татвар дутсан гэх асуудал энэхүү гэрээтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ