МУГЖ В.Долгор “Маамуу нааш ир” дууг 3000 удаа дуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-10-17 13:46:17

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу 1956 онд төрж, эдүгээ 60 настайгаа золгож байна.

Монгол хүн бүрийн сэтгэлд хоногшсон энэхүү дууны 60 жилийн ойн хүрээнд  10 дугаар сарын 25-ны өдрийн 14.00 цагт “Маамуу нааш ир” дууг  бүх цэцэрлэгийнхэн улс даяар нэгэн зэрэг дуулах юм байна. Мөн өдөр Монголын хүүхдийн ордны өмнө байрлах “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөхийн зэрэгцээ Монголын Хүүхдийн ордонд хүндэтгэлийн тоглолт болох аж.

Хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав ”Маамуу нааш ир” дууныхаа аяыг охин Л.Халиунсүрэнгийнхээ аялсан аялгуугаас санаа авч бүтээсэн гэдэг. Түүний том охин, СУИС-ийн багш, хүндэт профессор Л.Халиунсүрэн ярихдаа, "1956 оны зун  хүүхдүүдтэй тоглож байхдаа  дуу аялсан шиг байгаа юм. Үүнээс аав санаа авч, С.Лхамсүрэн гуайтай нийлээд “Маамуу нааш ир” дууг бүтээсэн түүхтэй. Аав  мандалин дээр "Маамуу нааш ир" дууны аяыг тоглон  би хашааныхаа хүүхдүүдтэй  анх дуулсан” гэв.

“Маамуу нааш ир” дууг анх дуулж, ард түмэнд хүргэсэн дуучин нь хүүхдийн дууны гэж алдаршсан МУГЖ В.Долгор юм байна. Тэрээр 60 жилийн хугацаанд энэ дууг 3000 гаруй удаа дуулсан ажээ. 

 Б.Заяа

 Гэрэл зургийг Т.Чимгээ

 

相关新闻