БАЯНХОНГОР: Бөмбөгөрийн багачууд СӨБ-д бүрэн хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-08 13:49:27

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа.  


Тус цэцэрлэг нь анх 1961 онд тариаланч ногоочдын ажлын онцлогоос шалтгаалж сайн дурын үндсэн дээр хавар, намрын улиралд гэр цэцэрлэгтэйгээр үйл ажиллагаагаа эхэлжээ. Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд 100 хүүхдийн суудалтай цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан бол энэ онд өргөтгөлөөр 100 хүүхдийн суудалтай шинэ барилга ашиглалтад оруулж байгаа юм. Ийнхүү тус цэцэрлэг жилд 6 бүлэг 180 хүүхдийн бүлэг дүүргэлттэйгээр ажиллах боломж бүрдэж байна. 



Цэцэрлэгийн өргөтгөл сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн оюун ухаан, нийгэмшихүй, бие бялдрын хөгжлийг хангаж, тэднийг сургуульд бэлтгэх, өв тэгш, эрүүл чийрэг өсөн бойжих, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, стандартад нийцсэн эрүүл, аюулгүй хоол хүнс, эрсдэлгүй орчинд хөгжих боломжоор хангажээ.


Тус цэцэрлэгийн хүүхэд багачууд нээлтийн үйл ажиллагаанд ая дуугаа өргөж, эцэг эх, асран хамгаалагч, сумын иргэд өргөнөөр оролцож, сэтгэгдлээ илэрхийллээ.

相关新闻