БУЛГАН: Аав, хүү, ач охины зурсан гурван үеийн хөрөг зураг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-10-03 16:23:53

Булган, 2024 он аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/.  Эхний зураг нь Ш.Гаадамбын зурсан түүний аав Шанжмятавын (1880-1933) хөрөг. Энэхүү хөрөг зургийг Ш.Гаадамба аавыгаа өөд болсноос 40 жилийн дараа буюу 1976-1977 оны үед ватум цаасны буланд харандаагаар зурж байжээ. Ш.Гаадамбыг есөн настайд нь өөд болсон Шанжмятавын фото зураг үлдээгүй учир “Миний аав ийм хүн байсан” гэж дурсан үр хүүхдүүддээ аавынхаа хөргийг зурж үлдээсэн нь энэ.


Дараагийн зургийг Ш.Гаадамбын ууган хүү Г.Бэрхээдэй аавынхаа мэндэлсний 90 жилийн ойн номд зориулан 2014 оны зун зуржээ. Түүний ууган хүү Г.Бэрхээдэй нь монгол зургийн мэргэжилтэй бурхан бүтээгч, зураач, багш хүн байлаа.


Гурав дахь зураг нь “Өвөө” нэртэй Ш.Гаадамбын хөргийг түүний ач охин Бэрхээдэйн Бүжүүлэн өнгийн харандаагаар зурсан бүтээл. Хувцас загвар зохион бүтээгч мэргэжилтэй Б.Бүжүүлэн нь Япон улсад ажиллаж амьдардаг бөгөөд өнгийн харандаагаар байгаль, амьтан, хүний хөрөг зэрэг төрлөөр уран бүтээлээ туурвидаг.


Ташрамд, нэрт эрдэмтэн, төрийн шагналт зохиолч Ш.Гаадамбын ач охин Бэрхээдэйн Бүжүүлэнгийн "Харандаан хаан-2024" үзэсгэлэн аравдугаар сарын 2-10-ны өдрүүдэд Соёлын төв ордонд гарч байна.










相关新闻