Марин Ле Пенийг шүүх хурал болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС, 2024 оны есдүгээр сарын 30 /РИА Новости/. Францын “Үндэсний нэгдэл” намын дарга Марин Ле Пен болон тус намын зарим гишүүнийг шүүх хурал өнөөдөр Парис хотод эхэлнэ.
Европын парламентын депутатуудын туслахуудыг ажилд авах нэрийдлээр тус парламентаас олгосон мөнгийг угаасан гэх хэрэгт тэднийг буруутгаж байгаа юм. Марин Ле Пен, түүний эцэг Жан-Мари Ле Пен болон Үндэсний нэгдэл намын 23 гишүүн 2004-2016 онуудад Европын Холбооноос олгосон “нийтийн хөрөнгө мөнгийг зориулалт бусаар ашигласан” гэх хэрэгт холбогдсон байна. Тэд парламентын туслахуудыг цалинжуулахаар мөнгө авсан боловч үнэн хэрэгтээ намынхаа ажилтнуудад цалин олгож байжээ. Намыг үүсгэн байгуулагч Жан-Мари Ле Пен эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй байна.
2004-2017 онд Европын парламентын гишүүнээр, 2011-2021 онд намын даргаар ажиллаж байсан Марин Ле Пенийг “Европарламентын мөнгийг угаах төвлөрсөн тогтолцоог бий болгож, 6,8 сая еврогийн хохирол учруулсан” гэж буруутгаж байгаа ажээ. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 10 хүртэлх жилээр хорих ялаар шийтгүүлж, 1 сая еврогийн торгууль төлөхөөс гадна 5-10 жилийн хугацаанд төрийн байгууллагад сонгогдох эрхгүй болох юм. Тодруулбал, 2027 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй.
Шүүх хурал 11 дүгээр сарын 27 хүртэл үргэлжлэх бөгөөд 2025 оны эхээр шүүхийн
шийдвэр гарах төлөвтэй байна.