Вьетнамын хамгийн өндөр хоёр албан тушаалыг зэрэг хашиж буй гурав дахь Ерөнхийлөгч То Лам

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-09-30 10:56:11

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Вьетнамын түүхэн дэх нам, төрийн хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг хэмээн зүй ёсоор тооцогддог, тус улсын одоогийн ерөнхийлөгч То Лам 2016-2017 онд Төвийн бүсийг хариуцсан ВКН-ын Төв хорооны тусгай комиссыг тэргүүлж байв. Энэ бол нам, төрийн албан тушаалын шатлалын дагуу ВКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Нгуен Фү Трон, Парламентын дарга Нгуен Тхи Ким Нган, Батлан хамгаалахын сайд Нго Суан Лит нарын дараах дөрөв дэх албан тушаал юм. 


Гэсэн хэдий ч То Ламын улс төрийн нэр хүнд нь албан тушаалаас нь илүү байсан гэж үздэг. Түүний мэдэлд хууль сахиулах, аюулаас хамгаалах албад байлаа. Тоймч, тайлбарлагчид То Ламыг Вьетнамын улс төрийн "өсөж буй од" хэмээн бичицгээж байв. Түүнийг хөшигний цаадах улс төрийн тэмцэлд Нгуен Фү Троны цорын ганц жинхэнэ өрсөлдөгч гэж зарим ажиглагч үзэж байжээ. 


То Лам бол консерватив хатуу чиг шугамыг баримтлагч гэж ажиглагчид дүгнэдэг. Тэрбээр Хо Ши Миний байр суурь, сургаалаас байнга эш татдагаараа бусад улстөрчөөс ялгардаг. Вьетнамд сууж байсан АНУ-ын Элчин сайд Майкл Михалак ярихдаа, То Лам бол “чанга хатуу бөгөөд ухаалаг улс төрч” гэж тодорхойлж байв.  Гэхдээ түүний зан чанарыг эелдэг зөөлөн харьцаатай, хошин шогийн мэдрэмж сайтай хүн гэж үнэлэгддэг байна. То Лам БНСВУ ба ВКН-ын улс төрийн түүхийн сэдвээр, мөн цагдаагийн албаны арга зүйн талаар хэд хэдэн ном бичжээ. 


БНСВУ-ын Ерөнхийлөгч бол улс төрийн тогтолцоон дахь хоёр дахь өндөр тушаалтан бөгөөд түүнийг Үндэсний хурлаас сонгодог. Харин Коммунист нам бол нийгмийг удирдан чиглүүлэгч хүч гэдгийг Вьетнамын Үндсэн хуулиар тунхагласан тул ВКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй байдаг. 


Харин 2024 оны зунаас хойш То Лам Ерөнхийлөгчийн болон ВКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байгаа тул Вьетнамын улс төрийн тогтолцоон дахь нэгдүгээр хүн болж байна. Тэрбээр мэдэгдэхдээ, өмнөх төрийн тэргүүн Нгуен Фү Чонгийн чиг баримтлалыг залгамжлан үргэлжүүлж, Коммунист намыг улам хүчирхэгжүүлэхийн тулд авлига болон нийгмийн бусад сөрөг үзэгдлийг таслан зогсоохын төлөөх тэмцлээ үргэлжлүүлэх болно гэжээ. 


То Лам нам, төрийн хамгийн өндөр дээд хоёр албан тушаалыг зэрэг хашсан Вьетнамын түүхэн дэх гурав дахь хүн болж байна. Түүнээс өмнө БНСВУ-ыг үндэслэн байгуулагч Хо Ши Мин, Ерөнхийлөгч асан Нгуен Фү Чонг нар нам, төрийг удирдаж байв.  


Төрийн тэргүүн асан Нгуен Фү Чонг энэ оны зун 81 настайдаа таалал төгссөний дараа То Лам ВКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр хугацаанд гүйцэтгэж байсан юм. 


Вьетнамын Ерөнхийлөгчийн эрх мэдэл нь парламентын засаглалтай улсуудын төрийн тэргүүн нарынхтай үндсэндээ ижил. Ерөнхийлөгч нь Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлийг удирдах ба парламентын шийдвэрийг үндэслэн дайны байдал зарлах, өршөөл үзүүлэх эрхийг эдлэхээс гадна зарим албан тушаалтныг томилж, олон улсын тавцанд улс орноо төлөөлж, зэвсэгт хүчний дээд командлагчийн үүргийг гүйцэтгэнэ.  


Намтар:

То Лам 1957 оны 7 дугаар сарын 10-нд хойд нутгийн Хынгйен мужид төржээ.  

Түүний эцэг То Куен бол Вьетнамын цагдаагийн байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг, Вьетнамын Коммунист Намын (ВКН) нэрт зүтгэлтэн байсан бөгөөд Вьетнамын дайнд оролцсон ахмад дайчин юм. То Ламын төрөлх нутаг болох Хынгйен мужийн Ванжян дүүргийг улс төр, шинжлэх ухаан, соёл урлагийн алдартнуудын “өлгий нутаг” гэж үздэг. 


Бага залуугаас нь түүнийг намын нэр хүндтэй гишүүн эцгийгээ залгамжилна гэж үнэлдэг байв. То Лам Дотоод хэргийн яам, Нийгмийн аюулгүй байдлын яамны боловсон хүчнийг бэлтгэдэг тусгай сургууль болох Ардын аюулгүй байдлын дээд сургуулийг 1979 онд төгсөөд Дотоод хэргийн яаманд ажлын гараагаа эхэлжээ. Нийгмийн аюулгүй байдлын яаманд 1998 оноос ажиллажээ. ВКН-д 1981 онд элссэн байна.  


Тэрбээр Нийгмийн аюулгүй байдлын яамны Улс төрийн хамгаалалтын хэлтэст ажиллаж байснаас гадна 1988-1993 онд 1 дүгээр хэлтсийг удирдаж байв. 1993-2006 онд тус яамны Улс төрийн хамгаалалтын хэлтсийн орлогч даргын албыг хашиж байгаад хэлтсийн дарга болон дэвшжээ.


Дэслэгч генерал Нгуен Ван Хуонгийн удирдлага дор Нийгмийн аюулгүй байдлын яамны Аюулгүй байдлын ерөнхий газрын орлогч даргаар 2006-2009 онд хошууч генерал цолтойгоор ажиллаж байв. 2010 онд То Лам дэслэгч генерал цолтойгоор тус яамны дэд сайд Чан Дай Куангийн орлогчоор томилогджээ. 2011 онд ВКН-ын Төв Хорооны гишүүн болж, 2014 онд хурандаа генерал цол хүртсэн байна. 2016 оны нэгдүгээр сард ВКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүнээр сонгогджээ. 


2016 оны дөрөвдүгээр сарын 2-нд Чан Дай Куангийг Вьетнамын Ерөнхийлөгчөөр сонгосноос долоо хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 9-нд То Ламыг Нийгмийн аюулгүй байдлын сайдаар, гурван долоо хоногийн дараа ВКН-ын Төв хорооны дэргэдэх Авлигатай тэмцэх хорооны даргаар томилжээ. 


Нийгмийн аюулгүй байдлын сайдаар ажиллах хугацаандаа тэрбээр аюулаас хамгаалах байгууллагуудад шинэчлэл хийж, хөдөлгөөнт байдал, шуурхай байдал, сахилга батыг дээшлүүлж, хууль эрх зүйн хяналтыг чангатан, хүмүүнлэг ёсыг бэхжүүлжээ. 


Тэрбээр армийн генерал цолыг 2019 онд хүртсэн байна. 


2024 оны тавдугаар сарын 22-нд Вьетнамын Үндэсний ассамблей /нэг танхимтай парламент/ То Ламыг Ерөнхийлөгчөөр сонгосон бол 2024 оны наймдугаар сарын 3-нд ВКН-ын Төв Хорооны бүгд хурлаар түүнийг ВКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ.


相关新闻