БУЛГАН: БНСУ-ын Жанган их сургуульд 30 оюутан тэтгэлэгтэй сурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Хуа Сан хотын Жанган их сургуульд тэтгэлэгт шинэ хөтөлбөрөөр Булган аймгийн 30 оюутан элсүүлэхээр гурвалсан гэрээг аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, Хөгжлийн бодлого хөрөнгө оруулалт төлөлвлөлтийн хэлтсийн дарга Г.Давааням, Солонгосын ажил олгогч эздийн холбооны төлөөллүүд оролцон байгууллаа.
Уулзалтад Жанган их сургуулийн захирал И Жун Жан, Олон улсын оюутан хариуцсан захирал Жуй Ин Жэ, “Ковда” ажил олгогчдын холбоо, Голд Вин хуулийн товчооны ерөнхийлөгч Юү Жэй Ён болон тус хуулийн товчооны гадаад харилцаа хариуцсан захирал Н.Алтанцэцэг нар оролцож санал, ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа.
Булган аймаг, Жанган их сургууль, “Голд Вин” хуулийн товчооны гурвалсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 10 дугаар сараас эхлэн нас харгалзахгүйгээр 30 оюутан бүртгэж, БНСУ-ын Хуа Сан хотноо тус сургуульд явуулна.
Нийт 5000 гаруй оюутантай тус их сургууль: Хөдөө аж ахуй, Байгаль орчин, Онгоцны нисгэгч, Онгоцны үйлчлэгч, Эдийн засаг, Нийгэм хүмүүнлэг, Асрахуй сувилахуй, Халамжийн ажилтан зэрэг мэргэжлээр эдгээр чиглэлд хоёр жил сураад мэргэжлээрээ тус улсад 100 хувь ажлын байраар хангаж туршлагажуулахаар боллоо.
Булган аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн “Шинэ ирээдүй” хөтөлбөр боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарт орчин үеийн шинэ боловсон хүчин бэлтгэх бодлого баримталж, гадаадын улс орнуудтай харилцсаны үр дүнд тасралтгүй үргэлжилсээр байна.
Ташрамд, БНСУ-ын Кёнги их сургуульд 2023 онд 30 оюутан, 2024 онд 50 оюутныг 70-100 хувь тэтгэлэгтэй суралцуулж буй бол тун удахгүй Жанган их сургуульд дахин 30 оюутан сурах юм.