БУЛГАН: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлэн байдлын үзлэг, цагийн байдлын дадлага зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-26 08:36:44

Булган, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Булган аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд бэлэн байдлын үзлэг болон цагийн байдлын дадлагыг зохион байгуулж байна.


Онцгой байдлын ерөнхий газрын мэдээгээр, сүүлийн 10 жилд Булган аймагт 871 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 116 хүний амь эрсдэж, 17.8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.


“Цагийн байдал” гэдэг нь онцгой байдлын байгууллагын нэр томьёонд:

-Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед тухайн мөчид үүссэн нөхцөл байдал, орчны өөрчлөлт,

-Түүний улмаас гарах эрсдэл, хор уршгийн хэмжээг үнэлсэн мэдээлэл,

-Түүнд тулгуурласан шуурхай шийдвэр, арга хэмжээний төлөвлөгөөг хэлдэг.

Өөрөөр хэлбэл, “Цагийн байдал” гэдэг нь тухайн цаг үеийн бодит нөхцөл байдлын үнэлгээ гэсэн үг. Жишээ нь, газар хөдөлсөн үед газар хөдлөлтийн төв, хүч, болзошгүй хохирол, цаашид дахин чичирхийлэх магадлал.

Үерийн үед усны түвшин хэдэн см нэмэгдсэн, ямар сум, багт аюул нүүрлээд байгаа, хэдэн хүн, хэдэн айл өртөх эрсдэлтэй байна гэх мэт.


Тиймээс “Цагийн байдлын дадлага” гэдэг нь гамшгийн нөхцөл байдлыг бодитойгоор төсөөлөн загварчилж, түүний талаар мэдээлэл цуглуулж, үнэлгээ хийж, түүнд тулгуурлан шийдвэр гаргах дадлага сургууль юм.

 

Өнөөдөр Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2 дахь өдрөө үргэлжилж байна. Тус сургуулийн хүрээнд штабын дадлага зохион байгуулж, албан хаагчид гамшгийн үед удирдлага, мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаагаа сайжруулах дадлага хийж байна.


Монгол Улсын Засгийн газар гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг чухалчилж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бий болгох зорилгоор үе шаттай ажиллаж байна. Энэхүү дадлага сургуулилалт нь үүний нэг арга хэлбэр бөгөөд дэлхийн туршлагаас харахад гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн оролцоог чухалчилж байна.


Аймгийн хэмжээнд 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагаас эхлэн гамшгаас хамгаалах "Өндөржүүлсэн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүлээд байгаа юм.










相关新闻