Саналаа өгөх урилгыг сонгогчдын гарт хүргэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬСумын ИТХ-ын сонгуульд саналаа өгөх урилгыг Дундговь аймгийн сонгуулийн хэсгийн хорооны ажилтнууд сонгогчдын гарт хүргэж байна. Мөн саналын хуудаст тэмдэглэл хийж, санал тоолох төхөөрөмжид уншуулах хэвлэмэл зааварчилгааг дагалдуулан өгч байна.
Сонгогчид саналаа өгөхөд хориглох хэд хэдэн санамж бий. Тухайлбал, өөр хүний болон хуурамч бичиг баримтаар санал өгөхийг оролдох, санал өгөх байранд гаднаас саналын хуудас авч орох, саналын хуудас дахь тэмдэглээгээ бусдад харуулах, аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, өгөхгүйгээ амлаж мөнгө, эд зүйл авахыг хориглодог. Мөн саналын хуудсыг гэмтээх, саналын хуудасны тэмдэглээгээ баримтжуулан зураг, дүрс бичлэг авах ёсгүй. Энэ мэт хориглосон санамжуудыг сонгогчдод гарын авлагаар хүргэж байгаа ажээ.
Дундговь аймгийн хувьд сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн 29 мянга 501 сонгогч бий. Санал авах товт өдрийн урьд өдөр буюу энэ сарын 18- ны 09- 20 цаг хүртэлх хугацаанд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын тоо маргааш хэсгийн хороодоос нэгтгэгдэж эцэслэн гарах юм байна.
Т. Отгонтуяа