ДОРНОГОВЬ: Өмнөд хөршийн монгол эмнэлгийн эмч нар Сайншандад хотод ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дорноговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан муу мянган холбоот хошууны хамтын ажиллагааны хүрээнд тус хошууны Монгол эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Дорноговь аймгийн иргэдэд ардын уламжлалт эмнэлгийн үзлэг оношилгоог өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Сайншанд суманд хийлээ.
Эмч нарыг аймгийн Эрүүл мэндийн газрын
дарга Д.Батцэцэг хүлээн авч уулзан, орон нутгийн эрүүл мэндийн салбарын тухай
товч мэдээлэл өгч, хамтын ажиллагааны тухай санал солилцсон байна. Өмнөд хөршийн эмч нар өрхийн ЭМТ-үүдээс ирүүлсэн зорилтот бүлгийн нийт
143 хүнд үзлэг оношилгоо хийж, давхардсан тоогоор 324 хүнд засал эмчилгээ, 121 хүнд
21 төрлийн тан өгч, эрүүл мэндийн зөвлөгөө өгчээ.
Үзлэгийн үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Уламжлалт анагаах ухаан, рашаан судлалын төвийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд нь дадлагажуулж, арга зүйн заавар өгч, туршлагаа солилцжээ. Тус эмнэлгийн эмч нар өмнө нь Дорноговьд ирж ажиллаж байсан бөгөөд “Ковид-19” цар тахлын улмаас хэсэг хугацаанд завсарлаад байсан юм.