Элэгний В вирусын эсрэг тарилгыг 600 гаруй иргэн хийлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-14 15:21:59

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын зохион байгуулж байгаа  “Элэгний хавдраас сэргийлье” аян эхлээд 3 долоо хоног өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд элэгний В, С вирусын илрүүлэг шинжилгээнд 5500 гаруй иргэнийг хамруулсан байна.

Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хавдрын өвчлөлийг бууруулахаар 2016 онд аймгийн Эрүүл мэндийн салбарынхан Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, хавдрын өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилт тавьсан юм. Энэ зорилтын хүрээнд  өнгөрсөн хавар “Хавдрын айдасгүй амьдралын төлөө хамтдаа” аяныг эхлүүлж байсан бол өнгөрөгч сард “Элэгний хавдраас сэргийлье”аяныг ийнхүү эхлүүлжээ.

Аяны хугацаанд хүн амыг элэгний В,С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулж, вирустай тохиолдолд эмчийн хяналтад авч байна. Вирус илрээгүй тохиолдолд иргэний өөрийн нь хүссэний үндсэн дээр урьдчилан сэргийлэх вакциныг хийж байгаа юм.

Аяны эхэлснээс хойш илрүүлэг шинжилгээнд хамрагдсан иргэдээс элэгний В вирустэй 270, С вирустай 200 гаруй иргэнийг хяналтад авсан байна. 660 гаруй иргэн В вирусын сайн дурын дархлаажуулалтад хамрагджээ.

Вирусын эсрэг эмчилгээнд 30 гаруй иргэн хамрагдсаны арав гаруй нь элэгний С вирус устаж, эмчилгээ үр дүнгээ өгсөн байна.

Энэ маягаар аян хоёр сарын хугацаанд үргэлжилнэ.

Т. Отгонтуяа

相关新闻