“SCHOOL POLICE” хаачсан бэ?
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙСургуулийн орчинд эргүүлийн үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” ажиллах үлгэрчилсэн журмыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар тогтоолоор баталсан байдаг. Сүүлийн үед энэ журмыг аймгийн төвийн зарим сургуулиуд хэрэгжүүлэхээ мартсан бололтой.
ЕБС, МСҮТ түүний орчинд сурагчид гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирох, нийтийн хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажилд багш, сурагч, эцэг эхчүүдийг татан оролцуулж, эргүүл зохион байгуулах энэхүү ажлыг сургуулийн захирал өдөр тутмын удирдлага зохион байгуулалтаар хангаж хяналт тавин, тасралтгүй явагдах нөхцлийг бүрдүүлж ажиллах ёстой. Үлгэрчилсэн журам учраас сургуулийн онцлог, хүүхдүүдийн ачаалалдаа тааруулан ямар ч хэлбэрээр, хэдэн ч ээлжээр зохион байгуулж болно гэсэн үг.
“SCHOOL POLICE” эргүүлийн хуваарь хичээлийн өглөөний ээлж буюу 07.30-09.30 цаг, өдрийн ээлж буюу 17.30-19.30 цагийн хооронд тус бүрт 2 хүн тухайн сургуулийн ойр орчмын хөдөлгөөний нягтаршил ихтэй зам дээр таних тэмдэг бүхий хантаазтай зогсож, эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэдэг юм. Журамд зааснаар аймгийн Цагдаагийн газар сургуулийн удирдлага, эргүүлд ажиллаж байгаа хүмүүст мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэлд шуурхай очиж ажиллах ёстой байдаг. Түүнчлэн энэхүү журмыг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог сайжруулахын тулд тус Цагдаагийн газраас санал тавьж, ДЗМОУБ-ын дэмжлэгтэйгээр хантааз, дохиур мод хийлгэн сургуулиудад хүлээлгэн өгчээ. Сурагчдынхаа амар тайван, аюулгүй байдалд санаа тавьдаг ямар ч удирдлага санаачлага гарган энэхүү ажлыг үргэлжлүүлэн авч явах нь үүрэг гэлтэй. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан эл үүргээ зарим сургуулийн удирдлагууд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.
Дээрх тогтоолд Эргүүлийн үүрэг гүйцэтгэхээс санаатай зайлсхийсэн тохиолдолд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулна” гэж тусгагдсан байдаг юм.
Хэнтий аймаг Д.Одонтунгалаг