Вакцин тээвэрлэх хөргүүртэй машинтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-13 15:06:19

Хөдөө аж ахуйн маркетинг төслийн малын эрүүл мэндийн чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалтаас Завхан аймагт вакцин тээвэрлэх хөргүүртэй машиныг өгчээ.

Энэхүү төслийн үр шимийг таван аймгийн ХААГ-аар дамжуулан Мал эмнэлгүүд хүртэж байгаа ба Завханы таван сумын зургаан мал эмнэлэг үржлийн тасагт хэрэгжиж байна. Энэхүү вакцин тээвэрлэх хөргүүртэй машинтай болж буй анхдагч аймгуудын нэг болсон Завхан аймаг мал сүргийг халдварт өвчнөөс сэргийлэх, малын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бусад аймгуудаасаа онцгой ахиц дэвшил гарган ажиллана гэдэгт найдаж байна хэмээн төслийнхөн хэллээ. Мөн энэ сард Хөдөө аж ахуйн маркетинг төслийн оролцогч таван аймгийн 15 сумын Мал эмнэлэг үржлийн тасагт вакцин хадгалах хөргүүр нийлүүлэх гэж байна.

Ингэснээр малын вакциныг үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртэл стандартын дагуу  хүйтэн, сэрүүн хэлхээгээр тээвэрлэн чанар, баталгаат байдлыг хадгалж,  хэрэглэдэг.  Олон улсын хэм хэмжээг баримтлан ажиллах бүрэн боломж бүрдэж  хүйтэн хэлхээний цогц тогтолцооны загвар таван аймагт бий болно. Түүнчлэн Монгол улсын мал эмнэлэгийн үйлчилгээний чанар  нэг алхамаар урагшилж байна. Цаашид улсын хэмжээнд бүх аймгуудыг малын вакцины хүйтэн хэлхээний тогтолцоог цогцоор нь бий болгох юм байна.

Б.Мягмарсүрэн

相关新闻