Монголд 25 жил үйл ажиллагаа явуулж буй АХБ хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГАзийн хөгжлийн банк (АХБ) Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн хэмээн тус банкны суурин төлөөлөгч хатагтай Ёоланда Фернандес Ломмен өнөөдөр болсон “Барилга, нийтийн аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” чуулга уулзалтын үеэр хэллээ.
АХБ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 25 жилийн ойтойгоо золгож байна. Уг ойг тохиолдуулан өнөөдөр АХБ, БХБЯ хамтран энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Чуулга уулзалтад барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн байгууллагын 250 төлөөлөгч оролцлоо. Чуулганаар Монгол улсын ногоон хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, одоо барилгын салбарт хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцэж, салбарын хөгжлийн гарцыг тодорхойлох зөвлөмж боловсруулах юм.
Хатагтай Ёоланда Фернандес Ломмен, “АХБ Улаанбаатар хот болон орон нутагт цэвэр усны хангамжийг сайжруулах, гэр хорооллыг хөгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. Одоо Монгол Улсад эдийн засгийн хүндрэл үргэлжилж байна. Манай байгууллага ашгийн бус тул эдийн засгийн хүндрэлийн эрсдлийг харах бус өмнөхөөсөө илүү их хөрөнгө оруулалт хийнэ. Одоо НЗДТГ, АХБ хамтарсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийн 2 дугаар шатыг хэрэгжүүлнэ. Мөн баруун бүсийн аймгуудад сэргээгдэх буюу нар, салхины эх үүсвэр бий болгох төсөл боловсруулж байгаа. Мөн иргэдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууц барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тун удахгүй холбогдох бичиг баримтыг боловсруулна. Энэ бүх төсөлд нийт 900 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм” гэлээ.
Монголын эдийн засаг уналттай байгаатай холбоотой энэ жил барилгын салбарт улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийхгүй гэдгийг БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн онцлов.
Тэрбээр, “Одооноос барилгын салбарын уналт зогсож байгаа. Тиймээс дахин уналтад оруулахгүйн тулд АХБ болон бусад хандивлагч улсаас хөрөнгө татах уулзалтуудыг хийж байна. Өнөгрсөн 4 жилд барилгын салбарт улсын төсөв болон гадаадын эх үүсвэрээс 800 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ирэх жил гадаадын хөрөнгө оруулагчдыг татах замаар бүтээн байгуулалт хийнэ. Тухайлбал, АХБ-ны санхүүжилтээр 4 аймагт цэвэрлэх байгууламж барих, БНСУ-ын зээлээр аймгуудад ДЦС барих, БНХАУ-ын зээлээр гэр хороолын дэд бүтцийг сайжруулах зэрэг нийт 150 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудал ярьж байгаа. Эцсийн шийдвэр гараагүй тул дэлгэрэнгүй танилцуулах боломжгүй байна” хэмээв.
Одоогоор зах зээлд 25 мянга гаруй айлын орон сууц борлогдоогүй байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа тул барилгын компаниуд орон сууцны үнийг иргэдийн худалдан авах чадварт нийцүүлэн буулгах хэрэгтэй гэдгийг “Барилгачдын нэгдсэн холбоо”-ны ерөнхийлөгч М.Батбаатар хэлээд энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж, судалгаа явуулах шаардлагатай гэв.
Харин барилгын компаниудын зүгээс 8 хувийн зээлийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд “Түрээсийн орон сууцыг иргэдэд өмчлүүлэх хэлбэрээр зохион байгуулах хэрэгтэй. Энэ нь 8 хувийн зээлээс илүү үр дүнд хүрнэ” гэсэн санал хэллээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ