ГОВЬ-АЛТАЙ: Өндрөөс аврах болон уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өндрөөс аврах болон уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуульд хамрагдав.
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын даргын 2024 оны наймдугаар сарын 13-ны өдрийн А/52 дугаар тушаалын дагуу наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд “Эрэн хайх, аврах салбар, Цогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Тайшир сум дахь "Уулын болон усны сургалтын төв"-ийг түшиглэн “Өндрөөс аврах болон уснаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалт, дадлага хийлээ.
Сургалтаар “Эмнэлгийн анхан шатны тусламж”, “Усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад анхаарах асуудал”, “Өндөр уулаас эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах онцлог”, “Усны гүнд даралт тэнцвэржүүлэх арга зүй” зэрэг сэдвээр танхимын сургалт зохион байгуулжээ.
Сургалтын удирдамж, хөтөлбөрийн дагуу салбарын алба хаагчид аврах уяа зангидах, өндөр уулаас аврах ажиллагаа хэрхэн явуулах дадлагыг бодит байдалд тулгуурлан гүйцэтгэж, усны гүнээс аврах ажиллагааг хэрхэн явуулах, аврах завь жолоодох дадлагыг гүйцэтгүүлж, нуурын усанд завьтай аврах ажиллагаа явуулах дадлага, чадварыг эзэмшүүлсэн тухай Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.