СҮХБААТАР: Боловсролын салбарт 99,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-08-28 17:48:57

Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн боловсролын салбарт 16 цэцэрлэг, 24 сургууль, Мэргэжлийн боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төв гэсэн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Энэ салбарт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс, орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 99,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.


 

2024-2025 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр зохион байгуулагдсан Сүхбаатар аймгийн багш нарын бага хуралд аймгийн Засаг дарга М.Идэрбат оролцох үеэрээ дээрх мэдээллийг өгөв. Боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд сүүлийн үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжөөр хангагдаж багш сурагчдын сурч боловсрох, ажиллах таатай орчин нөхцөл бүрдсэн байдаг. Мөн хамгийн том амжилт бол Сүхбаатар аймаг ЭЕШ-ын оноогоор хоёр жил дараалан улсад тэргүүлсэн явдал гэдгийг тодотгоод шинэ хичээлийн жилдээ ололт амжилтаа улам бататгаж хичээж ажиллахыг хүсээд олон мянган шавь нар, эцэг эхчүүдийн нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлж амжилт хүслээ.


 

Бага хурлын үеэр өнгөрсөн хичээлийн жилд амжилттай ажилласан багш нарыг засаг даргын нэрэмжит шагналаар шагнан урамшуулж, ЭЕШ-ын оноогоор эхний таван байрыг эзэлсэн сургуульд батламжийг гардуулсан юм.


 

Бид 2023 онд ЭЕШ-аар аймагтаа тэргүүлж байсан. 2024 онд манай сургууль 10 хичээлийн дундаж 554.1 оноогоор аймагтаа дахин тэргүүлсэн батламжаа гардаж авлаа. Жил бүр амжилтаа ахиулж тогтвортой ахиц гаргахад голлон нөлөөлж зорилтод ажлуудыг амжуулдаг удирдлагууддаа мөн хичээл давтлагаа чанартай явуулдаг мэргэжлийн багш нартаа, дэмжин ажиллагч эцэг эхчүүд та бүхэндээ баярлалаа хэмээн Баруун-Урт сумын хоёрдугаар сургуулийн захирал С.Батчулуун хэллээ.

相关新闻