Монгол, Беларусь хоёр улсын жолооны үнэмлэх харилцан үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.
Тус хэлэлцээрт энэ оны зургадугаар сарын 3-нд гарын үсэг зурсан юм. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсын жолооны үнэмлэх харилцан үйлчилдэг болсон гэсэн үг. Мөн хуралдаанаар Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.