Хэрлэн гол орчмыг цэвэрлэнэ                  

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-13 12:18:29

“Хэрлэн тоонот эко” ТББ нь жил бүр "Хоггүй Хэрлэн гол" сайн дурын Эко аяныг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ дагуу 2016 оны 10 сарын 15-ны өдөр Чингис хотын ард иргэдийг Хэрлэн голын эрэг орчмын усны сан бүхий газарт цэвэрлэгээ хийж, байгаль хамгаалах үйлсэд нэгдэхийг уриаллаа.

Тус ТББ-аас санаачлан Хэнтий аймгийн Загасчдын Холбоотой хамтран зохион байгуулдаг энэхүү цэвэрлэгээг өнгөрсөн хугацаанд их бага хэмжээгээр 20 гаруй удаа хийж, нийт 1800 хүн хамрагдаж, 200 гаруй куб метр хог хаягдлыг түүн зайлуулж байжээ. Түүнчлэн түүсэн хогоо ангилан ялгаж, дахиварыг нь хоёрдогч түүхий эд авдаг иргэдэд хандивладаг байна.

“Хэрлэн тоонот эко” ТББ нь 2013 оны 8-р сараас Чингис хотын хатуу хог хаягдлын суурь судалгааг хийж, орон нутгийн удирдлага болон холбогдох ААН иргэд, мэргэжилтнүүдтэй бүх шатанд санал бодлоо солилцон ажиллажээ. Үүний үр дүнд Хэрлэн сум Чингис хотын захирагчийн албанаас "Хог хаягдлын менежмент"-ийг сайжруулах хүрээнд "Цэвэр хот хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх үйл ажиллагааны  2014-2019 он хүртэлх  68 заалт бүхий  55 сая төгрөгийн төсөвтэй төлөвлөгөө батлуулж,  үйл ажиллагаа нь амжилттай явагдаж байгаа юм.

Хэрлэн гол түүний эрэг дагуу иргэдийн зохисгүй үйлдэл, буруутай үйл ажиллагаа, бусад механик үйлдлээс үүдэн ил задгай хог хаягдал гарч гадаргын усны бохирдлын эрсдлийг өндөрсгөх магадлалтайг улирлын чанартай мониторинг судалгаа хийсний дүнд тогтоосон байдаг. Тиймээс Чингис хотын иргэд “Хоггүй хэрлэн гол” эко цэвэрлэгээнд жил бүр идэвхтэй хамрагддаг юм.

Хэнтий аймаг Д.Одонтунгалаг

 

 

 

 

 

相关新闻