Уулын спортыг дэмжигчид хамтран ажиллахаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын уулчдын үндэсний холбоо/МУҮХ/-ны үйл ажиллагааг дэмжин ажилладаг байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол ГХЯ-ны Мутрын түшээ танхимд энэ сарын 12-нд буюу лхагва гарагт болов.
Ёслолд МУҮХ-ны ерөнхийлөгч Б.Тулга, дэд ерөнхийлөгч Б.Золжаргал, Удирдах зөвлөлийн гишүүд болох Т.Баттулга, хошууч генерал Я.Чойжамц, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Сүхбат болон МУБИС-ийн захирал, доктор Д.Мөнхжаргал, МУБИС- БТДС-ийн захирал А.Энхмаа, Монос Хүнс ХХК-ийн Борлуулалт, маркетингийн албаны дарга Н.Түмэннаст, Аствишн ХХК-ийн захирал О.Энхмөнх нар оролцлоо.
МУБИС, МУҮХ-ны хамтын ажиллагааны санамж бичигт Уулын спортын хамрах хүрээг нэмэгдүүлэх, залуу үеийг дэмжих, сургалтын системтэй болгох замаар мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, олон улсын холбоодоос хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн сургагч багш, дасгалжуулагчдыг бэлтгэх юм. Мөн багш дасгалжуулагчдын олон улсын тэмцээний дүрэм, зохион байгуулалт, бүтцийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, тамирчдыг олноор төрүүлэх, олимпийн медальтан бэлтгэх, дасгалжуулахад шаардлагатай сургалт, бэлтгэлийн баазыг сайжруулах, шинээр бий болгох чиглэлээр хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцож байхаар болов.
Харин Монос хүнс ХХК-тай уулын спортын хамрах хүрээг нэмэгдүүлэх, залуу үеийг дэмжих хүрээнд хамтран ажиллаж, компани өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.
Аствишн ХХК нь МУҮХ-той хамтран ажиллах гэрээнд тус холбооны үйл ажиллагаг ивээн тэтгэж 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Уулын спортын удирдлагын систем”-ийн хөгжүүлэлт хийж гүйцэтгэх, холбооны эзэмшилд шилжүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцаа, хамтын ажиллагааг зохицуулахаар тохиролцжээ.
Д.Өлзий