Ажлын байрны сайн санаачилгыг дэмжих төсөл хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-26 15:07:38

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улсыг хариуцсан бүсийн захирал ноён Чанхи Ли Монгол Улсад албан айлчлал хийх үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа.


Сайд шинэ Засгийн газрын хөтөлбөр, бодлогын талаар танилцуулаад, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд тогтолцооны шинэчлэл хийхийг зорьж байгаагаа дуулгав. Тухайлбал, халамжийг тодорхой нөхцөлтэй олгох бодлого баримталж, донор байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдээ эргэн харж, Засгийн газрын шинэ хөтөлбөртэй уялдуулах байдлаар ажиллана гэлээ. ОУХБ-тай байгуулсан Зохистой хөдөлмөрийн хөтөлбөр (2023-2027)-ийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийг ажил хэрэг болгоход тулгарч буй олон сорилтыг хамтран шийдэж, даван туулахаа тэрбээр онцолжээ.


Ноён Чанхи Ли, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага бодлогын түвшинд буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэгт Засгийн газартай хамтран ажилладаг байсан бол, энэ удаад Солонгосын Засгийн газрын дэмжлэгээр аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн, тэдний тулгамдсан асуудлыг шийдэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Залуус ажлын байран дээр тогтвортой ажиллахыг дэмжих нь чухал. Ажлын байрны орчин нөхцөл, хамт олны уур амьсгал, удирдлага ажилтан хоорондын харилцааг сайжруулахад анхаарч, залуусыг дэмжсэнээр бүтээмж өсөхөөс гадна гадаадад ажил хөдөлмөр эрхэлдэг монголчууд эх орондоо ажиллах хөшүүрэг болохыг тэмдэглэсэн байна.


Шинэ Засгийн газрын бодлого, хөтөлбөр нь Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдаж байгааг сайшаагаад, зохистой хөдөлмөрийг дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг одоо хэрэгжиж буй бусад ажлаа үр дүнтэй үргэлжлүүлэхэд идэвхийлэн ажиллана хэмээснийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээлэв.


Монгол Улс Олон Улсын хөдөлмөрийн байгууллагатай урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд тус байгууллагын суурь 10 конвенцын есөд нь нэгдсэн аж. 

相关新闻