ЗАВХАН: Яруу сумын ЕБС багшийн дутагдал хамгийн их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн боловсролын салбарт нийт 73 багш,
ажилтан, албан хаагчийн сул орон тоо байна.
2024-2025 оны хичээлийн жилд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад шаардлагатай байгаа багш нарын урьдчилсан тоог гаргасан.
Тухайлбал ерөнхий боловсролын 7 сургуульд англи хэлний багшийн 8 орон тоо, гурван сумын сургуульд бага ангийн багш 6, дөрвөн сумын ерөнхий боловсролын сургуульд математикийн 6 багшийн орон тоо сул байна.
Мөн монгол хэл, уран зохиол, физик, хими биологи, дуу хөгжим, технологийн багш гэхэд 24 сургуульд дутагдалтай байна. Орос англи хэл, түүх-нийгэм судлал, нийгмийн ухаан, математик-мэдээлэл зүй, математик-физик, зураг-дүрслэх урлаг, биологи-байгаль шинжлэл, нийгмийн ажилтан гэхчлэн сул орон тоо 23 сургуульд байна.
Хамгийн олон багшийн сул орон тоо Яруу, Улиастай сумын Жавхлант цогцолбор, Улиастай сумын Чандмань эрдэнэ сургууль, Тосонцэнгэл сумын 2-р сургуулиуд 7-8 сул орон тоотой байна.
Эдгээр сургуулиудын сул орон тоонд сонгон
шалгаруулалтыг зарласан байгаа. Энэ долоо хоногт сургууль, цэцэрлэгүүд багш, албан хаагчдаа шалгаруулж авсны дараа яг нөхөгдөх боломжгүй буюу
үнэхээр олдоц ховор байгаа ажлын байрны судалгаа нарийн гарна
гэж Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв.