Н.Моди, В.Зеленский нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-08-24 11:55:03

КИЕВ, 2024 оны наймдугаар сарын 24 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киев хотноо баасан гарагт уулзлаа. Уулзалтын үеэр Н.Моди Москватай хэлэлцээ хийхийг В.Зеленскийд уриалжээ.


Украин улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш Энэтхэгийн засгийн газрын тэргүүн тус улсад анх удаа айлчилж буй энэ юм. Хоёр орны удирдагчид энэхүү уулзалтыг “түүхэн уулзалт” хэмээн тодорхойлжээ.


Н.Моди Украинд энх тайван тогтоохын төлөө хүрэлцэн ирсэн гэдгээ онцлоод, Киев, Москвагийн хооронд яриа хэлэлцээ өрнүүлэхийг уриалсан байна.


“Талууд шийдэлд хүрэх хүрэх цорын ганц арга зам бол яриа хэлэлцээ хийх юм. Бид ахин цаг алдахгүйгээр энэ чиглэлд ажиллах ёстой. Энэ хямралаас гарах гарцыг хоёр тал хамтдаа эрэлхийлэх ёстой” гэж Энэхэгийн Ерөнхий сайд хэлжээ.


Мөн тэрбээр Энэтхэг улс энх тайвныг тогтоохын төлөөх аливаа хүчин чармайлтад идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг цохон тэмдэглээд, хэрэв миний бие энэ үйл хэрэгт ямар нэгэн үүрэг гүйцэтгэх боломжтой бол үүнийг хийх болно гэж нэмж хэлсэн байна.


В.Зеленский үүний хариуд хэлэхдээ, дайныг зогсоож, энх тайвныг тогтоох нь Украины хувьд нэн тэргүүний асуудал гэлээ. Оросын тал Украины нутаг дэвсгэрээс цэргээ бүрэн гаргах нь яриа хэлэлцээний урьдчилсан нөхцөл болно гэж Украины төлөөлөгчид мэдэгдсээр ирсэн юм. Н.Моди Польшийн Ерөнхий сайд Дональд Тусктай Варшавт уулзсанаас нэг өдрийн дараа Киевт айлчилжээ.


Энэ оны долоодугаар сард Н.Моди Оросын Ерөнхийлөгчтэй Москвад уулзсаныг В.Зеленский шүүмжилж байв. Энэтхэгийн зүгээс Украины дайныг яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийг уриалж, Москвагийн эсрэг авсан барууны орнуудын хориг арга хэмжээг шүүмжилсээр иржээ. 

相关新闻