Явган алхалтын олон улсын фестиваль болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо,“Монгол оллэ” нийгэмлэг хамтран энэ сарын 23, 24, 25-нд "Улаанбаатар явган алхалтын фестиваль 2024"-ийг зохион байгуулна.
Фестивальд оролцохоор Англи, Герман, АНУ, Тайвань, Филиппин, Чех, ОХУ, Австрали, Казахстан, Япон, БНСУ зэрэг улсын 120 гаруй, Монголын 400 гаруй явган алхагч бүртгүүлээд байна. Оролцогчид энэ сарын 23-ны өдөр Налайх дүүрэг, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмөрийн ам, “Монгол оллэ” 3-р маршрут, энэ сарын 24-ний өдөр Налайх дүүрэг, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Чингис уул, “Монгол оллэ” 2-р маршрут, энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хот доторх алхалт буюу “Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас - Скай ресорт” цанын бааз гэсэн маршрутаар тус тус алхахаар төлөвлөжээ.
Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль анх удаа хот доторх алхалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Дэлхийн улс орнуудад энэ төрлийн алхалт, олон улсын фестивалиуд өргөн дэлгэрчээ. Тухайлбал, Токио хотын Олон улсын явган алхалтын фестиваль, Япон улсын Кюшү мужийн Яцуширо хотын олон улсын фестиваль, БНХАУ-ын Бээжин хотын явган алхалтын фестивальд Монголын явган алхагчид өргөнөөр оролцдог. Фестивальд оролцсоноор Улаанбаатар хот болон Горхи Тэрэлжийн байгалийн сайхныг тольдож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, Монгол Улсынхаа өв соёлыг сурталчлан, нөхөрлөлийн хүрээгээ тэлэх боломжтойг нийслэлийг Аялал жуулчлалын газар мэдээлэв.