Арав хоногийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-12-08 16:11:11

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсад ажил хэргийн шугамаар түр ирэх гадаадын иргэнд К1, А3 ангиллын арав хоногийн визийг уригчгүйгээр цахимаар олгох боломж бүрдүүллээ.


Энэ нь манай улсад ажил хэргээр богино хугацаагаар ирэх гадаад иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалт татах, зорилгодоо нийцсэн визийг үнэн зөв мэдүүлэх, визийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилготойг ГИХГ мэдээлэв.


Өмнө нь ажил хэрэг, бизнесийн зорилгоор зорчих, олон улсын болон ажил хэргийн хурал, уулзалт, айлчлалд оролцох гадаадын иргэн заавал уригчтай виз мэдүүлдэг бизнесийн хамтрагчгүй, уригчгүй бол уг визийг мэдүүлэх боломжгүй байлаа. Иймд аяллын цахим виз мэдүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчилд тооцогдох эрсдэл үүсэж байсан билээ.  


Тэгвэл ажил хэргийн шугамаар 10 хоногийн хугацаатай, түр ирэх гадаадын иргэн тус визийн хүсэлтийг уригчгүй, өөрөө бие даан, цахим үйлчилгээний нэгдсэн систем (isf.mn)-ээр мэдүүлэх боломжтой боллоо. Визийн хүсэлтийг аяллын цахим визийн адил 48 цагийн дотор шуурхай шийдвэрлэнэ. 


А3 буюу Засгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах, олон улсын байгууллагын, мөн K1 буюу ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэн уригчгүйгээр 10 хоногоор цахим виз олгох энэ өөрчлөлт нь олон улсын бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэх, визийн үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй болгох ач холбогдолтой юм. 

 

相关新闻