ХОВД: Нэвтийн рашаан Дуут сумын төвөөс 15 км зайд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-08-16 11:16:23

Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн үзэсгэлэнт газруудын нэг бол Дуут сумын нутагт байрлах Нэвтийн рашаан.

Энэ газар нь элэг, цөс, ходоод зэрэг 17 нэр төрлийн рашаан, усны ундаргатай. 
 Үүнийг түшиглэн 1974 онд рашаан сувилал, амралтын газар байгуулсан ба 2023 оноос эхлэн иж бүрэн засвар хийж, үйл ажиллагааг нь сэргээж байна.  

Өөрөөр хэлбэл, Нэвтийн рашаан сувилал, амралтын газар нь албан ёсны нээлтээ тохиолдуулан "Сансар" олон улсын хүүхдийн зуслангийн удирдлага, багш нартай хамтран "dream camp-life skill" сэдэвт сургалт, амралтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.


Тус хөтөлбөр энэ сарын 19-24-ний өдөр үргэлжлэх ба Ховд аймгийн 17 сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дүгээр ангийн сурагчдын төлөөлөл болох 100 сурагчийг хөтөлбөрт хамруулна. Энэ нь хүүхдийн нийгэмшихүй болон сэтгэл зүйн боловсролыг дэмжих, амьдрах ухаан, эерэг хандлага, цагийн менежментэд суралцах боломж олгох зорилготой юм.

Нэвтийн рашаан сувилал, амралтын газар нь Ховд аймгаас зүүн урагш 63 км, Дуут сумын төвөөс зүүн хойш 15 км зайд бий. 






相关新闻