С.Эрдэнэ: Засгийн газрын 100 хоногт хийсэн гол ажил нь албан тушаалын наймаа, халаа, сэлгээ байсан
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хөгжлийн банкны шалгалттай холбоотой асуудал ойрын өдрүүдэд анхаарлын төвд байна. Энэ талаар танай бүлэг ямар мэдээлэл, байр суурьтай байна вэ?
-Бүлэг энэ асуудлыг анхаарч харж байгаа. Хөгжлийн банк бол улс орны хэмжээний бүтээн байгуулалт, гол санхүүжилтыг хийж байсан. Энэ банкыг зөвхөн АН-ыг эрх барьж байх үед үйл ажиллагаа явуулж байсан гэж харвал өрөөсгөл болно. Үүнд улс төрийн бүх хүчин, тухайн үеийн бүтээн байгуулалт, хөгжилд оролцож байсан ААН, байгууллагууд гээд бүгд хамааралтай. Бид хуулийн хүрээнд асуудал хэрхэн шийдэгдэх нь гэдгийг харж байгаа.
-Өчигдөр орой тус банкны захирал асан Н.Мөнхбатыг баривчилсан. Энэ талаар мэдээлэл хүлээж авсан уу?
-Манай бүлэг хууль, хүчний байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үнэлэлт дүгнэлт өгөхөд эрт байна. Хууль бус аливаа үйлдэл гарах юм бол харин улс төрийн үйл ажиллагаа, эсэргүүцлийн акц хийнэ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана гэснийг хэрэгжүүлэхийн төлөө бид байх болно. Улс төрийн олонхид нэр нүүр олох гэсэн, ямар нэгэн байдлаар ашигтай зүйл бий болгох гэсэн, ялангуяа сонгуулийн өмнө сонгуультай холбоотой мэт үйлдэл гаргаж байгаа асуудлуудыг АН-ын бүлэг анхааралтай ажиглаж байна.
-Ерөнхий сайд Япон Улсад айлчилж байна. Удахгүй УИХ-ын дарга БНХАУ-д айлчилна гэсэн мэдээлэл байна. Эдгээр айлчлалаар их хэмжээний зээл авах гэж байна гэсэн яриа ч байна. Энэ талаар мэдээлэл байна уу?
-2017 оны Улсын төсөв болон бусад тооцоо судалгааг бид анхааралтай судалж байгаа. Үүнд манай бүлэг болон бүлгийн дэргэд байгуулагдсан Зөвлөхүүдийн зөвлөл идэвхтэй ажиллаж байна. Бидний харж буйгаар өрийн таазыг МАН 80 хувьд хүргэхээр ажиллаж байна. Төсвийн алдагдлыг 4.3 их наяд төгрөг байна гэж тооцсон ч одоогоор 3.4 их наяд төгрөг байгаа. Хаанаас 1 их наяд төгрөг гаргаж ирж алдагдал болгох гэж байгаа юм бол. Ер нь бол ямар нэг эрсдэлтэй гэх бүх зүйлийг алдагдал болгож харагдуулж, 1 их наядаа гүйцээх гэж чармайж байна. Өрийн таазыг 80 хувьд хүргэснээр бидний урьдчилсан тооцоогоор "Стэнд бай" хөтөлбөртэй холбоотой 1.5 тэрбум ам.доллар, мөн 4.2 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгийг ямар нэг эх үүсвэрээс оруулж ирэх магадлалтай байна. Тиймээс бид хаанаас энэ их мөнгийг оруулж ирэх, юунд зарцуулахыг ажиглан харж байна. Энэ талаар төсвийн төсөл болон, МАН-ын зүгээс гаргаж байгаа албан бичгүүдэд нэг ч үг үсэг байхгүй. Мөн гадаадын банкууд, ялангуяа БНХАУ-ын банкийг оруулж ирэх асуудал хүчтэй яригдаж байна. Аливаа улс орны Үндэсний аюулгүй байдлын нэгдүгээрт эдийн засгийн аюулгүй байдал бичигддэг. Бид мөнгөний бодлогоо аль нэг улсад алдах юм бол, муугаар бодоход бие даасан байдлаа алдвал ямар байдалд хүрч болох вэ гэх жишээ дэлхий дахинд олон удаа гарч байна. Энэ мэт Үндэсний Аюулгүй байдалд хор хохирол үзүүлэх аливаа үйлдлийг гаргахгүйн төлөө бид ажиллана.
-Засгийн газрын 100 хоногийн ажлыг танай бүлэг дүгнэсэн байна. Тэгвэл танай бүлэг өнгөрөгч 100 хоногт юу хийсэн юм бэ?
-УИХ-ын АН бүлэг өнгөрөгч гурван сарын хугацаанд хэдийгээр бид цөөнх ч хэт олонхтой ажиллах тактикаа боловсруулж, бүлгээ зохион байгуулж, бүлгийн дэргэд Зөвлөхүүдийн зөвлөл байгуулсан. Энэ ажиллагааны үр дүнд УИХ-ын Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр оруулж ирэх гэж байсан маш олон хууль бус үйлдлийг зогсоож, мэдэгдэл шаардлага хүргүүлсэн. Дан иргэд, хүүхэд залууст чиглэсэн, тэдний эрхийг дордуулсан, орлогыг бууруулсан алхамууд хийж байгааг тодорхой судалгаа тооцоотой олон нийтэд мэдээлсэн. Нөгөө талаар улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр, эдийн засгийн хямралтай байдлаас гарах аливаа алхамыг дэмжиж хамтарч ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэж байгаа. Сөрөг хүчин бол сөрөхийн нэр биш. Харин улс орны хөгжлийн төлөө хамтарч ажиллаж, бурууд нь хатуу, зөвд нь зөөлөн ажиллах ёстой. Эрх баригчид алдаатай бодлого явуулбал бид тууштай тэмцэж, зөв алхам хийвэл дэмжиж хамтарч ажиллахад бэлэн байна.
-Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халж байгаа асуудал бий. Өнгөрсөн 100 хоногт яг хэдэн орон тоо нэмэгдэж, хэдэн хүн халагдсан талаар гаргасан тоо баримт байна уу? Сангийн сайд 2017 онд 20000 албан хаагч хална гэж мэдэгдсэн. Энэ асуудалд танай бүлэг ямар байр суурь барих вэ?
-Одоогийн байдлаар бүртгэл тооцоо хийж дуусаагүй. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга гээд гол томилгоо хийдэг эрх бүхий албан тушаалтнууд дөнгөж сая томилогдоод дуусч байна. Гэтэл тэд нар томилогдоогүй байхад 2000 гаруй төрийн албан хаагч ажлаасаа хууль бусаар халагдсан гэсэн гомдол санал ирсэн. Одоо жинхэнэ халдаг сольдог нөхөд оччихсон, үүний дараа асуудал хэрхэн яаж явахыг хэлж мэдэхгүй байна. Сангийн сайд 2017 онд 20000 хүн халахаа мэдэгдчихсэн. Ер нь Засгийн газрын бүтэц оруулж ирэхдээ л төрийн албан хаагчдыг хоморголон халах нь мэдэгдчихсэн байсан. Тохируулагч, хэрэгжүүлэгч нийт агентлагуудын 60 хувийг нэр томъёо, бүтцийг нь өөрчлөхөөр оруулж ирсэн. Зарим газрыг үндсэн чиг үүргийг нь өөрчлөхгүй мөртлөө зөвхөн нэрийг нь өөрчилсөн. Үүнийгээ бүтцийн өөрчлөлт гэж хэлээд хоморголон халж байгаа. Энэ бол хэлмэгдүүлэлт Орон нутгийн сонгуультай холбоотойгоор түр саарсан ч удахгүй дахин идэвхжих байх. Засгийн газрын 100 хоногт хийсэн үндсэн гол ажил нь ерөөсөө албан тушаалын наймаа, хоморголон халалт байсан.
-Төрийн өмчийн хувьчлалын асуудлууд бас яригдаж байна. Хувьчлалыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан явуулах ёстой гэсэн байр суурь бас гараад байна л даа. Үүн дээр танай бүлгийн байр суурийг сонсоё?
-Төрийн өмчийн хувьчлалын асуудлыг хамгийн их эсэргүүцдэг нь МАН байсан. Гэтэл одоо яаран сандран хөнгөн хандаад, тодорхой бус олон зүйлийг ил болголгүй шууд хувьчлах гэж байна. “Эдийн засгийн хүндрэлээс гарах гэж байна” гэсэн ганцхан хуурай тайлбараар үүнийгээ хаацайлаад нэг ч нарийн тооцоо судалгаа ирүүлэхгүй байна. Төрийн өмчийн үнэ цэний асуудлыг эхлээд судлах ёстой. Ямар үнэ цэнэтэй өмчийг ямар замаар, яаж хувьчлах гэж байгаагаа эхлээд тодорхой болгож байх ёстой л доо. Ер нь цаашдаа хувьчлалыг дотооддоо Хөрөнгийн биржээр дамжуулан явуулж байх нь зөв гэж би хувьдаа боддог.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал