“Note 7”-гийн улмаас “Samsung”-ийн хувьцааны ханш унаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-10-12 14:12:40

ЛОНДОН. /ВВС/. Өмнөд Солонгосын “Samsung” корпораци шинэ бүтээгдэхүүн болох “Note 7” ухаалаг гар утсыг үйлдвэрлэхээ зогсоож байгаагаа мэдэгдсэнээс хойш тус компанийн хувьцааны ханш унасаар байна.

“Samsung”-ийн хувьцааны ханш мягмар гарагт 8 хувиар унасан бол өнөөдөр дахин 3 хувиар унажээ.

Тус компанийн зах зээлийн үнэ цэнэ сүүлийн хоёр хоногийн дотор 20 тэрбум доллароор буурсан байна.

Худалдаанд гаргаад удаагүй байсан “Note 7” гар утас шатаж дэлбэрсэн тохиолдол өнгөрсөн сард нэг бус удаа гарсантай холбогдуулан тус компани дотоод, гадаадын зах зээлээс энэ бүтээгдэхүүнээ эргүүлэн татсан юм. Мөн хэдийн худалдан авсан хэрэглэгчдэд гар утсыг  нь орлуулан “Samsung Electronics” корпорациас өгсөн “аюулгүй” шинэ гар утас дэлбэрч шатсан тохиолдол нэг бус удаа гарсан тул энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ бүрэн зогсоогоод байна.

“Note 7”-гийн хямралаас “Samsung” ойрын хугацаанд гарч чадахгүй байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Ялангуяа, тус компанийн өрсөлдөгч компаниуд, тэдгээрийн дотор “Google” болон “Apple”  өндөр чанартай ухаалаг гар утаснуудаа танилцуулж байгаа энэ үед хямралаас гарна гэдэг бол тун амаргүй юм.

“Samsung”-ийн хямралын үеэр “Apple”-ийн хувьцааны ханш сүүлийн 10 сарын хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрч өсчээ.

Г.Доржханд

 

相关新闻