Тухайн орон нутагт бүртгэлгүй иргэдийг санал өгүүлэхгүй байхыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-10-12 13:56:53

2016 оны Сум, дүүргийн ИТХ-ын Ээлжит сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигчийг сонгуулийн хэсгийн хороод бүртгэхгүй байгаа болон сонгогчдын бүртгэлтэй холбоотой асуудлаар АН-аас байгуулсан Ажлын хэсэг төрийн байгууллагуудад шаардлага хүргүүлжээ. 

Орон нутгийн сонгуультай холбоотой асуудлыг судлах зорилгоор АН-ын Сонгуулийн төв штаб, УИХ дахь АН-ын бүлгээс Ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан болон АН-ыг төлөөлж Н.Төмөрхүү нар ажиллаж байгаа юм байна. Нийт 6 гомдол, зөрчлийг тус ажлын хэсгээс гаргаж, арилгах саналыг Оюуны өмчийн газар /ОӨГ/, Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/, Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/, Тагнуулын ерөнхий газарт /ТЕГ/ хүргүүлжээ.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандангаас тодруулахад "УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдын бүртгэлтэй холбоотой будлиан, хуулийн зөрчил нэлээдгүй гарсан учир АН-аас үүнийг арилгаж, Орон нутгийн сонгуулиар дахин давтахгүй байх талаар анхаарч ажиллаж байна. Нэр дэвшигчийг бүртгэхгүй байна. Нийслэлийн 9 дүүргийн 7-д нь нэр дэвшигчийг бүртгэхгүй, 10 гаруй аймагт бүртгэхээс татгалзсан гомдол ирсэн. Бүртгүүлээгүй нэр дэвшигчдэд бие даагчид, АН, МАХН, МАН-ынхан багтаж байгаа. Бүртгэхгүй байх шалтгааны талаар СЕХ-ны удирдлагуудтай уулзаж, тодорхой үүрэг чиглэл өгсөн. Зарим газарт нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус байна гээд шүүхээс шийдвэр гараад байхад сонгуулийн саналын хуудас нэгэнт хэвлэгдсэн солих боломжгүй гэсэн үндэслэлээр бүртгэхгүй хэвээр байна" гэв.

Мөн тэрбээр хуулийн дагуу нэг иргэн нэг л хэсэгт, зөвхөн хурууны хээг таниулан санал өгөх боломжийг хангаж ажиллах санал хүргүүлж байгааг хэлэв. Тодруулбал 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр буюу УИХ-ын сонгуулиас хоёр хоногийн өмнө УБСЕГ-ын дарга С.Мэндсайхан аймаг, дүүргийн сонгуулийн хороонд явуулсан 1/8196 албан тоотын дагуу 73 000 иргэн хурууны хээ таниулахгүйгээр зөвхөн иргэний үнэмлэхээр санал өгсөн. Тиймээс ийм асуудлыг дахин давтахгүй байх, сонгогчдын эрхийг хүндлэхийг шаардаж байгааг Ж.Батзандан гишүүн хэлсэн юм. Түүнчлэн санал хураалтын цаг дуустал санал хураалтын автомат машиныг сүлжээнээс салгах, санал хураалтын явцын дүн болон аливаа мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах, тухайн орон нутагт бүртгэлгүй иргэдийг санал хураалтад оролцуулахгүй байх, хугацаат цэргийн албан хаагчдыг зохион байгуулалттай санал өгүүлэх хууль бус ажиллагааг таслан зогсоох, санал авах байрны камерыг сонгогчдын нүүр рүү харуулах, бичлэгийг үзэх боломжоор хангах зэрэг асуудлыг судалж, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлэхийг хүссэн саналыг дээрх байгууллагуудад хүргүүлээд байгаа аж. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻