ДУНДГОВЬ: Нэгэн зууны түүхтэй найман сумын баяр наадам өндөрлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Энэ жил Дундговь аймгийн
8 сумын 100 жилийн ой тохиож, энэ сарын 19-27-нд баяр наадмаа хийлээ.
Нэгэн зууны түүх бүтээсэн
найман сумын баяр наадамд 6 насны морио уралдуулж, хүчит бөхчүүд барилдан, шагайн харвааг зохион байгуулж, нум сум харваж цэнгэснээс
гадна баярын хурал, урлагийн тоглолт, оройн цэнгүүн, наадмын нээлт, хаалтын
ёслолын ажиллагаа гээд үйл ажиллагаа бүр өөр өөрийн онцлогтой, өнгө аястай боллоо.
Энэ жил наадмынхаа
нээлтийн үеэр сум бүр үндэсний өв соёл, зан заншил, ёс уламжлалаа харуулах,
нүүдэлчин ахуй соёлоо сурталчлах үзүүлбэр үзүүлсэнд наадамчин олон талархан
хүлээж авлаа.
Тодруулбал, Өндөршил сумын түүхт зуун жилийн ойн баяр наадмын нээлтэд иргэд морьтой жагсаал хийсэн бол Луус, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумын хувьд төрийн далбаа, аймгийн болон сумын тугаа наадмын талбайд морьтой залж, сумынхаа салбар салбарын манлайлагч нараар өргүүлсэн. Түүнчлэн Луус сумын наадмын нээлтийн үеэр ачаатай тэмээн тэрэг, тэмээн жингийн цуваа явж, тэмээгээр нүүх, тэмээг уналга, ачилгад ашигладаг ахуй соёлыг харуулсан үзүүлбэр үзүүлж, “Хос морьтон” шалгарууллаа.
Өмнө нь баяр наадмын үеэр
огт хийж байгаагүй нэгэн шинэлэг ажил бол Өлзийт суманд “Дундговь аймгийн
Өлзийт сумын нэгэн зууны түүхэн өв ба шинэ зууны хөгжлийн гараа” сэдэвт эрдэм
шинжилгээний хурлаар баяр наадмын үйл ажиллагааг эхэлсэн явдал байв. 100 жилийн
түүхээ судалж, ирэх 100 жилийн хөгжлийн гараагаа хэлэлцсэн нь аймгийн болон
сумын түүхэнд анхных.
Сум, сумын наадмын баярын хурал болон нээлтийн үйл ажиллагааны урлагийн тоглолтын 80-аас дээш хувийг нутгийн иргэд, малчид, сургуулийн сурагчдын тоглолт бүрдүүлж, наадамчин олондоо ая дуугаа өргөсөн нь энэ жилийн 100 жилийн түүхт ойн баяр наадмын бас нэг онцлог байсан юм.