ЗАВХАН: Ойн сан бүхий 10 суманд хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ойн сан бүхий 10 суманд хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийж байна.
Эдгээр ойн сан бүхий газарт Якобсоны төөлүүрч эрвээхэй, Эгэл бийрэн сүүлт эрвээхэйн хүрэнцэр голомтлон хөнөөл учруулж байна.
Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Сонгино,
Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Цэцэн-Уул сумын ойн сангийн 39500 га талбайд
ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр “Мөнх ногоон жодоо”, “Мөнх ногоон ой”, “Хатант форест” ХХК-ууд хамтран гүйцэтгэж байна.
Их-Уулд 6000 га, Тосонцэнгэлд 12500 га,
Цагаанхайрханд 4000 га, Нөмрөгт 2000 га, Тэлмэнд 3000 га
талбайд үүргийн шүршигч багаж ашиглан биологийн аргаар тэмцлийн ажлыг
гүйцэтгэлээ.
Одоогоор Баянтэс, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул
суманд хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна.
Ойн хөнөөлт шавжийн голомт үүсгэн хэт олшрох давтамжийг эрдэмтэд 10-12 жил гэж үздэг.
Ойн санд голомтолсон эрвээхэйн хүрэнцрийн нягтшлыг бууруулах тэмцлийн ажлыг тодорхой давтамжтай явуулдаг. Шилмүүст ойд хөнөөл учруулдаг шавжийн нэг эмэгчин нь 250-1000 орчим өндөг гаргаж хурдан хугацаанд их талбайг хамарсан голомт үүсгэх чадвартай. Иймээс бага үед нь хөнөөлийн хэмжээг багасгах, хамрах хүрээг зогсоох арга хэмжээг авч эхэллээ. Ингэснээр их хэмжээний талбайг хамран ойн санд хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлнэ.
Монгол оронд 28 багийн 193 овог 847 төрөлд хамаарах 14 мянга орчим зүйлийн шавж тэмдэглэгдсэн байдаг. Экологийн өндөр ач холбогдолтой манай орны экосистемд сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлүүдийн нэг нь эдгээр ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөл гэж хэлж болно.
Ойн хөнөөлт шавжийн хохирлыг утаагүй түймэр ч гэж нэрлэдэг. Иймд ойн хортон шавжийг хүрээг хязгаарлаж хэт олшролоос өмнө устгах хэрэгтэй гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг байгальд сөрөг нөлөөгүй аргаар хийж байна
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг “Мөнх ногоон жодоо”, “Мөнх ногоон ой”,
“Хатант форест” ХХК-ууд хамтран гүйцэтгэж байна
Ойн хөнөөлт шавж