ДУНДГОВЬ: Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт 20 ахмадыг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-07-17 12:19:32
altantogos

Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгийн сангаас Дундговь аймгийн 20 ахмадад 160 сая төгрөгийн зээл олгожээ.


Тус сангаас аж ахуй, өрхийн үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй ахмад настанд 8 хүртэл сая төгрөгийн хүүгүй зээлийг 24 сарын хугацаатай, 100 хувь эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр олгож байгаа юм.


Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Дэлгэрхангай, Өндөршил, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Сайнцагаан сумын 30 ахмадаас санхүүгийн дэмжлэг хүссэн төсөл хүлээн авч хэлэлцсэнээр 20 төслийг ийнхүү шалгаруулжээ. Санхүүгийн дэмжлэг авсан ахмадууд дээл, бэлэн хувцас оёх, оосор бүч хийх, эсгий шаахай үйлдвэрлэх, арьс, нэхий элдэх болон мах, махан бүтээгдэхүүн, түргэн хоол зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байна.


Сүүлийн 5 жилийн байдлаар Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд Дундговь аймгаас 75 ахмад настныг хамруулж, 323,5 сая төгрөг олгожээ. 2019 онд 21,0 сая төгрөг олгож байсан бол дэмжлэгийн хэмжээ нэмэгдэж, сүүлийн 2 жилд тус бүр 125 сая төгрөгийн зээл олгосон байна.


Харин энэ жил 30 ахмадад 240 сая төгрөг олгохоос нэмж 10 төслийг сонгон шалгаруулахаар зарласан байна. 

相关新闻