ЗАВХАН: Их монгол элсний нутаг Дөрвөлжин сум

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-07-16 15:38:08

Улиастай, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сум энэ сарын 19-21-ний өдрүүдэд түүхэн 100 жилийн ойгоо тэмдэглэнэ.


Тус сум нь уур амьсгалын хувьд эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралд дунджаар 35-40 градус хүйтэн, зуны улиралд дунджаар 30-35 градус дулаан, ихэвчлэн хуурай уур амьсгалтай.


Тус сумын нутагт Дааган дэл, Шүүт, Аргалын ар, Бүрчигтий, Их бага Буурал, Талын хар, Хангай уул, Баян айраг, Баян улаан, Зүр, Буга зэрэг уул толгод, Хом, Сарын тал гэсэн өргөн хөндий, Завхан гол, Хар нуур, Дөргөн нуур, Бага нуур зэрэг нуур цөөрөм, Хар ус, Шар булаг, Цагаан ус, Сан, Бага нуур зэрэг булаг шандтай.


Үзэсгэлэнт байгаль, сонин содон тогтоц бүхий Дөрвөлжин сумын нутагт орших Завхан гол, Их Монголын элс нь аялагчдын заавал очиж үзэх газруудын нэг юм.   


Завхан, Говь-Алтай аймгийн нутгийг дамнан орших 300 км үргэлжилсэн 3000 орчим ам дөрвөлжин км талбай эзлэн орших Монгол элс нь манай улсын хамгийн том элсэн тарамцаг юм.


Энэхүү элсэн хуримтлал нь бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхорт бөөрөг, манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг хоорондоо ялгарах хотгор гүдгэрийн бүхий л хэлбэрүүдийг агуулдаг.


Монгол элс нь Завхан голын хөндий дагуу баруун хойноос зүүн урагш үргэлжлэн тогтсон. Эрээн, Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг нуур тогтсон байдаг. Өөрөөр хэлбэл, гол-нуур-элс гэсэн байгалийн үзэсгэлэнт байдал, экосистемийн өвөрмөц хослолыг бий болгосон нутаг юм.


Монгол элсэнд бэлчээрийн үндсэн ургамал болох хар, цагаан суль нь хур бороо, ган гачгаас үл хамааран зөвхөн хөрсний чийгээр ургадаг онцлогтой. Иймээс ч нутгийн иргэд Монгол элсийг ган зудын аюулаас хамгаалдаг хэмээн их шүтдэг ажээ.


Монгол элсийг үзэхийг хүсвэл Улаанбаатар хотоос Завхан, Говь-Алтай чиглэлд зорих боломжтой.

Улаанбаатар хотоос Завхан аймаг руу 1100 км орчим зорчоод Монгол элсэнд хүрнэ. Аялагч, жуулчдад зориулсан амралтын газар, жуулчны бааз цөөхөн хэдий ч цаг агаар нь дулаан учир майхантай аялж болох юм.

Дөрвөлжин сум аймагтаа хамгийн олон тэмээтэй


Дөрвөлжин сумын төв энэхүү эгц хадан эрэг дээр байрладаг


Дөрвөлжин сум. "Хандын эрэг"

相关新闻