СЭЛЭНГЭ: Зуун зууны их ургацын дээд амжилтыг Сэлэнгийн тариаланчид тогтоож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Атар газар эзэмших 1, 2, 3 дугаар аян Сэлэнгэ нутагт амжилттай өрнөж, 1960 оноос хойших хугацаанд ямар ч нөхцөлд улсын хэмжээний үр тарианы 50 гаруй хувийг тогтмол үйлдвэрлэн XX, XXI зууны их ургацын дээд амжилт тогтоон газар тариаланг улс, аймагт брэнд болгосон хөдөлмөрч түмэн.
1959 онд Монгол орон даяар атар газар эзэмших хөдөлгөөн анх өрнөж, энэ үед 500 га газарт тариа тарьжээ. Үүний 50 хувь нь буюу 180-аад га талбайн шанг Сэлэнгийн тариаланчид татсан байна. Атрын анхны аяныг явуулах тогтоолыг 1959 оны 3 дугаар сард МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаас гаргасан байна.
Атрын анхдугаар
аянд оролцож явсан олон тариаланчаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын болзлыг
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын тракторч 24 настай Д.Бямбацогт хангаж, газар тариалангийн
түүхэнд анхны баатар төрөн гарчээ.
Улмаар 1976 онд атрын 2 дугаар аян өрнөж, Сэлэнгэ аймагт шинээр олон САА байгуулсан байдаг. Энэ үед 100 гаруй мянган га талбайд тариа тарьж, арвин ургац хурааж байсны 300 гаруй га талбайн ургацын амжилт Сэлэнгэ аймагтай салшгүй холбоотой юм.
Атрын 1, 2 дугаар аянуудыг МАХН-ын удирдлагаар Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн байгууллага
гардан зохион байгуулж, залуучуудыг өргөнөөр татан оролцуулж, шинээр байгуулсан
САА-г хариуцан авч ажиллаж байсан байна.
Монгол Улсын
Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолоор “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийг
баталжээ. Атрын гурав дахь аяны үндсэн зорилго нь хөрсний үржил шимийг
хамгаалж, нөхөн сэргээх, үр сортын болон техник технологийн шинэчлэлийг
эрчимжүүлж, импортыг орлох, экспортын чиг баримжаатай газар тариалангийн тогтвортой
хөгжлийг хангахад чиглэсэн байна.
“Атар-4
тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс
орон даяар зарлалаа.
Аяны
хүрээнд хөрсний элэгдэл, эвдрэл, үржил шимийн доройтлыг сааруулах, нөхөн
сэргээх, ур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан хөгжүүлэх,
эрсдэл даах чадамжийг дээшлүүлэх, агроэкосистемийн тогтвортой байдлыг хангаж хүнсний
хэрэгцээ, түүний аюулгүй байдлыг бүрэн шийдвэрлэх юм.
Атрын аян
нь атар газрыг эзэмшиж, газар тариаланг хөгжүүлэх замаар хүн амын хүнсний
хангамжийг сайжруулах, мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангах, орчин үеийн
техник, технологи нэвтрүүлэх, эдийн засгийн хөгжлийг хурдасгах зорилготой өргөн
олныг хамарсан үйл явц юм.
Энэхүү
аян нь Монгол Улсын хувьд дотоодын гурил, улаан буудай зэрэг хүнсний
хэрэгцээгээ хангахад үр өгөөжтэй байснаас гадна үйлдвэрлэл, техник технологи хөгжихөд
ихээхэн хувь нэмэр оруулжээ.
МАХН-ын
Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга
Ж.Батмөнх 1988 онд Сэлэнгэ аймагт айлчилж, газар тариан талбайд ажиллан,
ургацын байдалтай танилцав. /МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч,
сэтгүүлч Т.Доржсүрэнгийн хувийн архиваас/
1988 онд луу жил тохиож, Сэлэнгийн тариаланчид Монгол Улсын XX зууны дээд амжилт 323,3 мянган тонн үр тариаг хураажээ. Мөн онд "Найрамдал" САА 71.5 мянган тн, тус САА-н тракторч-комбайнч Д.Болд ганцаараа 23.0 мянган тонн үр тариа хураасан дээд амжилтууд Монгол Улсын XX зууны дээд амжилт болж, одоо ч энэ амжилтуудыг эвдээгүй байна.
/МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч
Т.Доржсүрэнгийн хувийн архиваас/
Хөдөлмөрийн
баатар Х.Цайван атрын 40 алдартны нэг. Тэрээр Монгол Улсын түүхэнд аварга
механикжуулагчаар 10 удаа шалгарч байсан нь "Зүүнхараа" САА болоод улсын хэмжээнд
гарч байгаагүй амжилтыг үзүүлж байжээ.
Орхон, Бургалтай сортын бог будааг шинээр гарган үйлдвэрлэлд нэвтрүүлж
эх орны хэрэгцээнд нийлүүлжээ.
Зүүнхараа САА-н тариаланч, БНМАУ-ын гавьяат механикжуулагч Хандсүрэнгийн Самбага. /1980-аад он/
/МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Т.Доржсүрэнгийн хувийн архиваас/