ЗАВХАН: Улаагчны хар нуур
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/.
Завхан
аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуурын тухай сонирхолтой домгийг нутгийнхан аялагч, жуулчдад
ярьж өгөх дуртай.
Ардын дунд үлдсэн домог ярианд, Монголыг харж, хамгаалж явдаг хоёр их хүчтэй луу байдгийн нэг нь Завхан аймагт
байдаг. Тэр хоёр лууны нэг нь улс орноо харийн хүмүүсээс хамгаалж,
зүүн зүгт цаашаа харсан хэлбэртэй оршдог бол төрөө хамгаалах үүрэгтэй их луу нь
Завхан аймгийн баруун хэсгийг эзлэн оршдог ажээ. Түүний мэлмий нь Улаагчны хар
нуур юм. Түүнийг тойрон орших элсэн манхнуудыг луугийн их бие гэх бөгөөд
Хүнгий зэрэг ус, гол, горхийг лууны судаснууд гэдэг.
Луу нь дөрвөн мөчиндөө дөрвөн их эрдэнэ атгасан нь Эрдэнэхайрхан сумын Бор давс, Дөрвөлжин сумын Хомын талын давс, Сантын давснууд гэнэ. Баяннуурыг түүний бөөр нь гэх бөгөөд баруун, зүүн Монголын их элсийг уушги, зүрх нь гэх мэтээр нэрлэдэг байна.
Завхан аймаг Улаагчны
хар нуурын өмнөд хэсэгт буюу энэ их лууны мэлмийн тольтод “Нүүдэлчний соёлын их
наадам”-ыг 2017 онд Монголд анх удаа зохион байгуулж, төрөө
манасан их лууны мэлмийг баясгажээ.
Улаагчны хар нуур нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 км-т оршдог.
Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Нуурын гүн нь 48 м, уртаашаа 30 км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур юм. Нуурт омуль, фельд гэсэн хоёр төрлийн загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600 м өргөгдсөн Их, бага хоёр Авгаш нэртэй арал бий. Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх цэцэг урган гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагддаг.
Улаагчны хар нуурын үдэш
Улаагчны Хар нуурыг сансраас авсан зураг
Улаагчны хар нуурын өглөө
Улаагчны хар нуурын зах, шунх цэцэг
Нүүдэлчний соёлын их наадам. 2017 он Улаагчны хар нуур
Гэрэл зургийг: Н.Сүхбат, Б.Баяр