ДОРНОГОВЬ: Өнгөрсөн зууны түүхэн үйл явдлууд гэрэл зурагт
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн зууны үед Дорноговь аймгийн хөгжил дэвшилтэй холбогдох түүхэн үйл явдлын зургийг аймгийн музей болон ахмад гэрэл зурагчны хувийн архиваас толилуулж байна.
Дээрх зураг 1960-аад оны дунд үеийн Сайншандын аж байдлыг харуулсан түүхэн зураг. Сайншанд хотод 1960-аад оны үед 6000 орчим хүн аж төрж байв. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаар зарлигаар Сайншанд хот болон баталжээ.
Дорноговь аймаг ажил хөдөлмөрөөрөө манлайлж хөдөлмөрийн гавьяаны хос одон хүртэж байгаа нь
Дорноговь аймаг 1942 онд Улсын бэлтгэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлж улсад тэргүүн байрт шалгарч байсан тул БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 3 дугаар сарын 14-ний 19 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ.
Харин 1973
онд V таван жилийн төлөвлөгөөт зорилтоос 1974 оны төлөвлөгөөг урьдчилан
биелүүлж, мал сүргээ төрөл бүр дээр нь өсгөж, мах, ноос бэлтгэл, мал аж ахуйн
материаллаг баазыг хангах ажлыг амжилттай биелүүлсэн учир БНМАУ-ын АИХ-ын
Тэргүүлэгчдийн 1973 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар зарлигаар
Дорноговь аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр дахь удаа
шагнажээ.
Сансрын нисгэгчид Сайншанд хотод
“Союз-39” хөлгөөр Монгол, Зөвлөлтийн
сансрын хамтарсан нислэгийг амжилттай хэрэгжүүлж, сансрын ертөнцөд ниссэн ЗХУ,
БНМАУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Ж. Гүррагчаа, Зөвлөлт, Монголын
сансрын хамтарсан нислэгт бэлтгэх ажилд үр бүтээлтэй оролцон нислэгийн
бэлтгэлийн программыг бүрэн биелүүлж, нислэгийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал
хувь нэмэр оруулсан "Союз-39" хөлгийн хоёрдугаар багийн гишүүн, БНМАУ-ын
сансрын нисэгч М.Ганзориг нар Дорноговь аймгийн Сайншанд хотноо 1981 оны зургаадугаар сарын 23-нд зочилжээ.
Хүндэт зочдыг аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн
дарга Ө.Пүлжин, аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Ж.Гомбожав болон
намын хорооны товчооны гишүүд угтан авсан байна.
Аймгийн холбооны барилгыг барьж буй нь
Дорноговь аймагт 1958 оны үеэс Хөвсгөл аймгаас ирсэн
барилгын ангийг түшиглэн Барилга угсралтын контор байгуулж ерөнхий боловсролын
сургууль одоогийн нутгийн удирдлагын ордон, хоёрдугаар цэцэрлэг ясли, холбооны хоёр
давхар барилга, 12, 18 орон сууц, номын сан, "Алтан говь" зочид
буудал, нийтийн ахуйн үйлчилгээний улаан булан зэргийг барьж эхэлжээ. Дээрх зурагт буй
барилга бол Дорноговь аймгийн Холбооны барилга юм. 1970-аад оны эхэнд
барьжээ.
Аймгийн хөдөлмөрчид жил бүр малчдын хотонд очиж төл хүлээн авахад тусалдаг
1970-аад оны үе
Нэгдэл дундын үйлдвэр 1970-аад оны үе
Эх баригч, эмч Ч.Дүгэрээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болж буй нь
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул эх
баригч эмч Ч.Дүгэрээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болж буй торгон агшин гэрэл зургийн
хальсанд үлджээ. Тэрээр 1939 онд Улаанбаатар
хотын сувилагчийн сургуулийн эх баригчийн курст амжилттай суралцан төгсч улмаар
Дорноговь
аймгийн Айлбаян, Хатанбулаг
суманд эх баригчаар ажиллаж байгаад 1954 оноос Сайншанд хотын Нэгдсэн эмнэлгийн
төрөх тасагт шилжин ирж эх баригчаар ажиллаж нийт 8500 гаруй
хүүхдийг эх барьж авчээ.
Эрүүл мэндийн салбарын мянга мянган ажилчдын
дундаас хөдөлмөрийн баатар эмч, эмнэлгийн ажилчид цөөн байдгийн нэг нь
говь нутгийн бахархалт эх баригч, эмч Ч.Дүгэрээ билээ. Дүгэрээ эмчийн хөдөлмөр
алдрыг мөнхөлж Сайншанд хотод барьсан Төрөх эмнэлгийг түүний нэрэмжит
болгосон юм.
Говийн тавдугаар дүрийн Ноёнхутагт Лувсанданзанравжаагийн
мэндэлсний 200 жилийн ой 1993 онд тохиож, ойн баяр наадмаар улсын Дархан аварга
Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ үзүүрлэж байв.