Ахмадын ДАШТ-ээс манай бөхчүүд 11 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-10-10 10:23:23

Польш улсын Доод Силез мужийн Валбжих хотын "Walbrzyskie Centrum Sportowo" спортын ордонд энэ сарын 7-9-нд болсон эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ахмадын ХVIII ДАШТ-ээс манай бөхчүүд 2 хос алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ.

Тэмцээний сүүлийн өдөр “А”, “G” ангиллын бөхчүүд өрсөлдлөө. Найман бөх өрсөлдсөн “А” ангиллын 69  кг-д Д.Ганхуяг /Увс аймаг, ахмадын УАШТ-ий мөнгөн медальт/ нэгдүгээр тойрогт Испанийн бөх Пабло Рубен Пинтос Фигуриаг 5:0 оноогоор ялж мөнгөн медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Аслан Каитовт 1:5 оноогоор ялагдаж хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы бөх Ронну Журкег цэвэр ялжээ. Харин зургаан бөх барилдсан 76 кг-д барилдсан Ш.Энхбаяр /”Арслан” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ий мөнгөн медальт/ хүрэл медалийн эзэн болов.

Тус тэмцээний "С" ангилалд 58 кг-д Ч.Норовсүрэн IҮ байрт шалгарсан бол 63 кг-д Г.Баасансүрэн /Орхон аймаг/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Жозеф Михаил Раиаг 5:0, гуравдугаар тойрогт Украины бөх А.Имиметовыг 6:0 оноогоор хожиж дөрөвдүгээр тойрогт Гүржийн бөх В.Варазишвилиг буулган авч тавдугаар тойрогт Францын бөх Филипп Андре Мауренийг 3:2 оноогоор хожиж ахмадын дэлхийн аварга болов.

Харин есөн бөх өрсөлдсөн “Д” ангиллын 76 кг-д А.Цэдэнсодном /гавьяат дасгалжуулагч/ нэгдүгээр тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Английн бөх Стюарт Мскауг 12:2 оноогоор хожиж мөнгөн медалийн төлөөх барилдаанд ХБНГУ-ын бөх Ж.Фуеттерерийг 10:0 оноогоор өвдөг шороодуулж алтан медалийн төлөө Японы бөх Тамоцу Какевудаг 1:1 оноогоор хожиж ахмадын дэлхийн аварга цол хүртлээ.

Энэхүү цолыг өмнө нь манай ахмад бөхчүүдээс гавьяат тамирчин Ц.Нацагдорж 1995, 1996 онд, ОУХМ Х.Цолмонбаатар 2013 онд тус тус хүртэж байжээ. Дэлхийн 35 орны бөхчүүд өрсөлдсөн энэ удаагийн ДАШТ-д манай 13 бөх оролцсон юм.

 Д.Өлзий

相关新闻