ХОВД: Сургууль, цэцэрлэгт 250 сая төгрөгийн тоног төхөөрөмж олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Боловсролын салбарт энэ онд 5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт,
бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Өнөөдөр л гэхэд боловсролын салбарын бүх шатны байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх,
багш болон сурагч, хүүхэд
багачуудын суралцах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор улсын төсвийн
хөрөнгө оруулалтаар 16 нэр төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж
олголоо.
Уг ажлыг хэрэгжүүлэхэд улсын төсвийн 250 сая төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна.
Энэ хүрээнд Ховд
аймгийн 33 цэцэрлэг, ерөнхий
боловсролын 24 сургууль болон Насан туршийн суралцахуйн төвийн
төлөөллүүд өнөөдөр зөөврийн
компьютер, зурагт, иж бүрэн гэр
цэцэрлэг, хөгжмийн зэмсэг, тоглоом зэрэг зайлшгүй шаардлагатай байсан тоног төхөөрөмжөө хүлээн авчээ.