БАЯНХОНГОР: Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой энэ онд тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-07 13:09:55
Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Эрдэнэ бандида хутагт, Хамба номун хан, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой энэ онд тохионо.

Ойн хүрээнд “Ламын гэгээн Лувсанданзанжанцан 385 - Түүх, соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд энэ сарын 14-ний 9:00 цагт зохион байгуулна.

Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, Монгол маарамбын оройн чимэг, бурхны шашны гурван зулын нэг Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ойг Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 7 дугаар сарын 27, 28-нд хийхээр товлоод буй. Даншиг наадмыг анх 1999 онд зохион байгуулж байсан бол 2009, 2014, 2019 онд мөнхүү даншиг наадмыг хийж байсан түүхтэй.

Сайн оюут сургаал баригч буюу Ламын гэгээн Лувсанданзанжанцан
Монголын Бурхны шашны гурван зулын нэг Хамба Номунхан Эрдэнэ бандида хутагт Ламын Гэгээн Лувсанданзанжанцан XI жарны Согтонги төгөлдөр шороон туулай жил буюу аргын 1639 оны хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Богд Чингис хааны 15 дугаар хойч үе Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онохуй Үйзэн ноёны дөтгөөр хөвгүүн Хөндлөн Цөхүр Сайн ноёны ач буюу Түмэнхэн Сайн ноёны дөтгөөр хөвгүүн Лоёг Эрх Цөхүр ноёны ууган хөвгүүн болон Хангай ханы өвөрт мэндэлжээ.

Ламын гэгээн Лувсанданзанжанцан таван настайдаа ламд шавь орж, авшиг хүртэж, зургаан настай байхад нь Төвөдийн Дашлхүмбэ хийдээс ирсэн цорж шавиа болгон бичиг үсэг зааж, увш буюу буянд ойртохуй хэмээх сахил хүртээн Лувсанданзанжанцан нэрийг хайрласан байна.

Ламын гэгээн Лувсанданзанжанцан 11 насандаа нууц тарнийн үндэс суралцан, монгол бичиг сурч, 14 насандаа судрын онолын үндэс судалж эхэлжээ. 17 настайдаа Төвөдөд суралцахаар явсан бөгөөд тавдугаар Далай лам, Ванчин эрдэнэ нарын шавь болж, Судар тарнын ёс буюу Их хөлгөнийн гүн ухаан, учир шалтгааны ухаан, дуун ухаан, тэжээхүйн ухаан, урлахуйн ухаан гэсэн таван ухаанд гүн боловсорсон байна. Эрдэмтэн судлаачид хутагтын үйл хэргийг үнэлж “Тэрээр хатуу зориг, хичээнгүй чанараар 20 гаруй эрдэмтэн багш нарыг шүтэж, эл зүйлийн шинжилгээний эрдэм мэдлэгийн далайд нэвтэрч, чармайн суралцсанаар эрдэм соёлын хувьд олноос хэтийдсэн байжээ” гэж дүгнэсэн байдаг.

Лувсанданзанжанцан хэмээх нэрийг монгол хэл рүү буулгаваас Сайн оюут сургаал баригч гэсэн утгатай. Монголын бурхны шашны гурван зулыг нэг, Хапхад шашин номын их хөлгөнийг бүтээн дэлгэрүүлэгч, гүн ухаан, утга зохиол, зурхай, эмнэхүйн ухааныг шимтэн үндэслэгч Ламын гэгээн нь анагаах ухаан, одон зурхай, үйлийн үр, шашны зан үйлийн зэрэг чиглэлээр дөрвөн боть ном зохиол туурвижээ.

Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь одон зурхайн онолын хэд хэдэн зохиол туурвисан байна. Тэрбээр “Огторгуйд орчигч одон гараг Орчпонгийн амьтанд сайн муугаар нөлөөлмүй Огоорч авахыг мэдүүлэхийн тулд Оддын зурхайг бичвэй би” хэмээн айлджээ.

Мөн Ламын гэгээн Лувсанданзанжанцан Төгс буянтын зурхайг үндэслэгчдийн нэг юм. Цаг улирлын бичил хэмнэлийг урьдчилан мэдэж, ажил үйлээ төлөвлөх, төр шашны болон алив ёслол, зан үйл, засал тэргүүтнийг үйлдэхэд хэрэглээ болгож чадсанаараа гавьяатай бөгөөд бөөгийн онгоны тахилгыг бурханы шашны арван дошгидыг тахих зан үйлээр сольж, тахилгын уншлагыг бүтээсэн байна.

Ийнхүү тэрээр Дорно дахины эрдэм ухаан, оюун сэтгэлгээний ололтыг санаачлан нэвтрүүлсэн байна. Ламын гэгээн Лувсанданзанжанцан анагаах ухааны чиглэлээр дорвитой дооон бүтээл, мөн эм найруулгын ухааны зохиол бичсэн байдаг. Төвөд хэл дээр анх удаа анагаах ухааны ном туурвисан монгол хүн болохын хувьд ламын гэгээн Лувсанданзанжанцан нь Монголд анх удаа анагаах ухааны сургуулийг үүсгэсэн бөгөөд энэ нь цаашид өргөжин дэлгэрч “Монгол уламжлалт анагаах ухаан” гэсэн цогц эрдэм ухаан буй болжээ.

Лувсанданзанжанцан гэгээн нь Их хөлгөний таван ухаанд гүн нэвтрэн боловсорсон нь мэдлэг оюунтай, эрдэм чадалтай хүний эзэмшвэл зохих бүхнийг эзэмшсэн үнэхээр гэгээрсэн, эрхэм болохыг илтгэн харуулна. Зөвхөн үүгээр ч зогсохгүй тэрээр эзэмшсэн, сурсан бүхий л эрдэм чадлаа буяны сэтгэл үүсгэн олон түмний тусын тулд зориулж байжээ.

Сонирхуулахад, 2019 онд Баянхонгор хотноо зохион байгуулсан Монголын бурхан шашны гурван зулын нэг Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ой, “Хангайн бүсийн хурд-2019” даншиг наадмын нээлтийн үйл ажиллагаанд Эрдэнэцогт сумын жагсаалд чимэг нэмэхээр хөтлөн авчирсан сарлаг гэнэт цамнан, хурсан олныг сандаргаж байв.

Тухайн үед, Сарлаг цамнасан тухайд Лувсанданзанжанцан судлалын төвийн тэргүүн Д.Батболд “Эрт цагт Ламын гэгээний хийдэд цам гарах үед үхэр толгойт эрлэг номунхан Дамжанчойжилын дүрд гавж хүн харайдаг байсан бөгөөд лам нар түүний хөдөлгөөнийг шинжиж жилийн дөрвөн улирлын өнгийг тодорхойлдог байжээ. Зурхайч нар Дамжанчойжилыг шүтэж шороон үхрийн шинжийг жил болгон зурж ихэс дээдэс, өтгөс өвгөд, нялх балчирт ээл ивээл, сөрөг нөлөө ямар байх, төр улсын дотоод хэрэг явдал ямар буй, цаг улирал хэрхэн өөрчлөгдөх тухай тооцоолон гаргадаг. Энэ сарлаг нь Эрлэг номунханы цамналтаар бүжиглэж сайн цаг айсуй ирж буй шинж тэмдгийг үзүүллээ” хэмээн тайлбарлаж байв. Мөн үүнтэй утга бүхий тайлбарыг ардын уран зохиолч Т.Галсан гуай хүндэт индэр дээрээс наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэхдээ хэлж байсан юм.
相关新闻