БАЯНХОНГОР: Нийт сонгогчийн 35 орчим хувь нь аймгийн төвийн оршин суугч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэгдүгээр тойргийн /Архангай, Баянхонгор, Өвөрхангай/ есөн мандатад 17 нам, эвслээс 84, бие даан нэг хүн нэр дэвшинэ.
Баянхонгор аймаг 56 мянга гаруй сонгогчтойгоос аймгийн төвдөө 20 мянга орчим нь байдаг байна. Тус аймгийн сумдын 20 сонгуулийн хороонд 140, сумын сонгуулийн 104 хэсгийн хороонд 936 төрийн албан хаагч ажиллах бол нягтлан бодогч, архив бичиг хэрэг, мэдээллийн технологийн баг, даамал, цагдаагийн ажилтан, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан зэргээр сонгуулийн үеэр нийт 1425 хүн ажиллана.
Аймгийн сонгуулийн хорооноос “Сонгогчийн өдөрлөг”-ийг зохион байгуулж байгаа бөгөөд өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд аймгийн Баганат талбайд мэдээлэл өгч байна. Тус гэрт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцоо, сонгуулийн тойрог, мандат, санал тэмдэглэх заавар, тэдгээрийн онцлог болон сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар сонгогчдад мэдээлэл өгч байгаа юм.
Саналын хуудас хоёр хэсэгтэй байна
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй байх юм.
Сонгогч саналын хуудасны сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ноогдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсвэл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл сонгогчийн санал хүчингүйд тооцогдоно.
Саналын хуудасны нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт сонгогч Та өөрийн дэмжиж буй нэг нам, эвслийг сонгож тэмдэглэнэ. Нэгээс илүү нам, эвслийг сонгож тэмдэглэвэл мөн сонгогчийн санал хүчингүйд тооцогдох юм байна.