ХОВД: Алтай ятга хөгжмийг дөрөв дэх удаагаа тахив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Манхан сумын
Жаргалант хайрхан уулын Нүхэн хадны оршуулгаас 2008 онд Алтай ятга буюу чавхдаст
ятгыг олжээ. Уг ятгыг Монголын үндэсний
музейд хадгалж байна.
Харин тус үзмэрийн хувилбарыг
2023 онд хөгжим урлаач Ч.Баатарсүрэн сэргээн бүтээсэн ба одоо Ховд аймгийн
музейн угсаатны зүйн танхимд хадгалж байгаа юм.
Алтай ятгыг анх олсон газрыг
аргадах, хүндэтгэл илэрхийлэх, уг хөгжмийн зэмсгийг сурталчлах, түгээн
дэлгэрүүлэхээр тахилгын зан үйл хийдэг
болжээ.
Дөрөв дэх удаагийн тахилга 2024
оны тавдугаар сарын 30-нд Манхан сумын Жаргалант хайрхан уулын Өмнөхийн
ам гэх газарт боллоо.
Тахилгыг хөгжим судлаач Д.Ганпүрэв
тэргүүтэй Монгол угсаатны хөгжмийн товчоо, Манхан сумын ЗДТГ, Соёлын төв
хамтран зохион байгуулсан ба үүнд ОХУ, БНХАУ, Улаанбаатар хот, Говь-Алтай, Ховд
аймгийн уран бүтээлчид, хөгжим судлаач, сонирхогчдын төлөөлөл 50 гаруй хүн
оролцжээ.
Энэ үеэр Алтай ятга хөгжмийн аялгууг сонордуулж, уул усны эзэн савдгаа аргадсан байна.
Алтайн өндөр уулсын дунд 1500
орчим жил байсан алтай ятга хөгжим зөвхөн үзмэр болоод үлдсэнгүй.
Өв соёлоо дээдэлдэг хүн бүрийн
суралцах, судлах ёстой үнэт өв болж, түгэн дэлгэрч байгааг Алтай ятга хөгжмийн
тахилгын зан үйлээс харж болох юм.
Жаргалант хайрхан уулын Нүхэн хадны оршуулга нь түрүү дундад зууны үеийн 20-25 настай дайчин эрийн булш байсан.
Эндээс олон тооны эд өлгийн зүйлс гарсны дотор хамгийн ховор олдвор нь модоор урласан чавхдаст хөгжмийн зэмсэг буюу алтай ятга байжээ.
Хөгжмийн царын эсрэг талд
6 буга, 1 янгир, 5 нохой болон нумаа эвшээлгэн харвахыг завдаж буй нэгэн
анчныг сийлсэн нь Түрэгийн үеийн хадны зургийн дүрслэлтэй зарим
талаар төстэй.
Өдгөө язгуур урлагийн “Алтай” хамтлаг
эл хөгжмийн зэмсгийг дахин сэргээж олон гайхалтай аялгууг туурвиж байна. Мөн алтай
ятга хөгжмийг сонирхон суралцаж буй хүмүүсийн тоо орон нутагт нэмэгдэж байгаа
юм.