Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-06-01 11:58:14

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 1 /VOA/. Газын зурвасын дайныг зогсоох, Израилын талын санал болгосны дагуу барьцаалагдсан хүмүүсийг суллах шинэ төлөвлөгөөг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын 31-ний баасан гарагт танилцууллаа. Уг төлөвлөгөөг гурван үе шаттай хэрэгжүүлэх ажээ. 


Төлөвлөгөөний дагуу эхний үе шат зургаан долоо хоног үргэлжлэх ёстой. Энэ хугацаанд Газын зурваст гал зогсоож, тус зурвасын суурингуудаас Израилын цэргүүдийг гаргах, барьцаанд байгаа Израилын иргэдийг Палестины олон зуун хоригдлоор солилцохоор төлөвлөсөн байна. Хоёр дахь үе шатанд байлдааны ажиллагааг эцэслэн зогсоож, Израилын цэргүүдийг Газын зурвасаас гаргахаар тусгажээ. Энэ үе шатанд мөн барьцаанд үлдсэн бүх хүнийг Израилын талд өгөх ёстой. Сүүлчийн буюу гуравдугаар үе шатанд АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр бүс нутгийг сэргээн босгох томоохон төлөвлөгөөг эхлүүлэх бөгөөд сэргээн босгох ажил 3-5 жил үргэлжилнэ. 


Ж.Байдены мэдэгдсэнээр, гал зогсоох төлөвлөгөөг Катарын зуучлагчаар ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчдөд дамжуулжээ.  Америкийн Ерөнхийлөгч төлөвлөгөөг хүлээн авахыг ХАМАС-т уриаллаа. Үүний зэрэгцээ тэрбээр Израилын улс төрчдөд хандан "Израилд энэ төлөвлөгөөтэй санал нийлэхгүй байгаа хүмүүс байгаа, тэд дайныг тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлэхийг уриалах болно гэдгийг мэдэж байна" хэмэгээд Израилын тал аюулгүй байдалдаа айх айдасгүйгээр хэлэлцээр байгуулж болно гэж онцлон тэмдэглэв.


АНУ-ын Ерөнхийлөгч мөн ХАМАС-т хандан хэрэв тус бүлэглэл хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд Израилын тал цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой гэдгийг цохон тэмдэглэжээ. 


相关新闻