Ши Жиньпин, В.Путин нар уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 2 /BBC/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Хятадын нийслэлд болох гэж буй цэргийн томоохон парадын өмнөхөн Бээжин хотноо хоёр талын хэлэлцээ хийжээ.
В.Путин хоёр орны харилцаа урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрээд байгааг сайшааж, хоёр тал ойр дотно харилцаатай байгаа нь Орос, Хятадын харилцааны стратегийн шинж чанарыг харуулж байгааг онцолсон байна.
“Эрхэм нөхөр минь, миний бие болон Оросын төлөөлөгчдийн бие бүрэлдэхүүн Хятадын анд нөхөд, хамтран зүтгэгчидтэй дахин уулзаж байгаадаа
баяртай байна” гэж В.Путин Ши Жиньпинд хандан хэлсэн нь Кремлийн албан
ёсны “Telegram” хаягт нийтэлсэн дүрс бичлэгээс харагдана.
Үүний хариуд Ши
Жиньпин В.Путинд хандан “Хятад-Оросын харилцаа олон улсын
өөрчлөлт шинэчлэлтийн сорилтыг даван туулж
байгааг” дурдаад, Бээжин Москватай хамтран “илүү шударга, үндэслэлтэй дэлхийн
засаглалын тогтолцоог бий болгохын”
төлөө ажиллахад бэлэн байна гэж нэмж хэлжээ.
Ши Жиньпин Дэлхийн II дайны төгсгөлд Японы цэргүүд Хятадад бууж өгсний 80 жилийн ойд зориулан Хятадын түүхэн дэх хамгийн том цэргийн парадыг лхагва гарагт зохион байгуулах гэж байна. Энэ нь Ши Жиньпин дэлхийн хоёр дахь том эдийн засаг төдийгүй дипломат ажиллагааны томоохон тоглогчийн хувьд Бээжинг олон улсын тавцанд гаргахыг эрмэлзэж буй цаг үед тохиож байна.
Тэрбээр тогтвортой
худалдааны түншийн хувиар гүйцэтгэж
буй Хятадын үүргийг
онцолж байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трампын татвар тариф
ногдуулах шийдвэр нь эдийн засгийн харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн Ши
Жиньпин В.Путинийг Бээжинд хүлээн авч байгаа бол Д.Трамп Украины дайныг зогсоох асуудлаар ОХУ-ын удирдагчтай тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байгаа юм.
Ши Жиньпин, В.Путин нар даваа гарагт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр барууны засгийн газруудыг шүүмжилснээс гадна Ши Жиньпин зарим улс орны “дээрэнгүй шинжтэй үйлдэл”-ийг буруушаасан байна. Мөн В.Путин Украин руу хийсэн Оросын довтолгоог хамгаалж, мөргөлдөөнийг өдөөсөн гэж барууны орнуудыг буруутгажээ. Хоёр удирдагч мягмар гарагт Бээжин дэх Ардын Их Хурлын ордонд уулзсан гэж Хятадын төрийн мэдлийн CCTV телевиз мэдээллээ.
Тяньжин хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин, “Хүйтэн дайны үеийн сэтгэхүй, эвслийн мөргөлдөөн, дээрэнгүй шинжтэй үйлдлийг эсэргүүцэхийг” гишүүн орнуудад уриалсны дараа хоёр талын хэлэлцээ болсон байна. Энэтхэг, Иран, Пакистан зэрэг орны удирдагчид оролцсон дээд хэмжээний уулзалт нь “Европын баримжаатай, евро-атлантикийн хуучирсан загваруудыг” орлох шинэ тогтолцооны үндэс суурийг тавьсан гэж В.Путин мэдэгджээ.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун мөн лхагва гарагт болох цэргийн парадыг үзэх бөгөөд мягмар гаргийн үүрээр түүний тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ. Энэ нь Ким Жөн Уны хувьд олон улсын хэмжээний томоохон үйл ажиллагаанд оролцож буй анхны тохиолдол болох юм. Түүнчлэн Умард Солонгосын удирдагч сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Хятадын цэргийн парадыг анх удаа биечлэн үзэх гэж буй нь энэ бөгөөд хамгийн сүүлд 1959 онд Умард Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сен ийм үйл ажиллагаанд оролцож байжээ.