ДОРНОГОВЬ: Дулааны говь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-31 17:08:51

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалийн сонин тогтоц онцлог газраас цувралаар хүргэж байна. Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 50 км-т Дулааны говь хэмээх элсэн довцгууд, загийн шугуйтай хотгор газар бий.


Эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн энэ газрыг эртний нуурын сав гэж нэрлэдэг. 1955 онд төмөр замын Улаан уул станцын ажилтан К.Ю.Ефремов анх эндээс чулуун зэвсгийн зүйл олж мэдээлснээр уг газар нь Монголын эртний судлалын шинжлэх ухааны товъёогт оржээ.


Эндээс неолитын үеийн төрөл бүрийн чулуун зэвсгийн үлдэгдэл болон МЭ IX-XIII зуунд холбогдох ваар, шаазан эдлэлийн хагархай элбэг олддог байна. Тухайлбал, дулааны говиос хоёр чулуун шөвөг олдсоны нэг нь бүтэн, нөгөө нь хугархай юм.


Чулуун залтсыг тал бүрээс нь жигд засаж шөвөг хийжээ. Мөн нүдүүр, нухуур, самбар, чулуу гээд эндээс үр тариа боловсруулах зориулалт бүхий боржингоор үйлдсэн самбар чулуу, мөн нухуурын хугархай олдсон нь монгол нутагт эрт үеэс газар тариалан тодорхой хэмжээгээр эрхэлж байсныг гэрчлэх баталгаа болдог аж. Тус газрыг сумын ИТX-ын тэргүүлэгчдийн 30 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад 2011 онд авчээ.

相关新闻