Нэр дэвшигчидтэй холбоотой хуулийн заалтыг хүчингүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-07 14:31:20

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар цэцийн 09 дүгээр дүгнэлтийг УИХ-аар хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сонгуулийн тухай хуулинд, “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” хэмээн заасан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. 

Энэ асуудлыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулав. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй. Иймд цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар баталлаа.

Б.Туул

相关新闻