Оффшор бүсэд хадгаламж эзэмшихийг хориглох хуулийн төсөл өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-07 14:25:57

Засгийн газраас төрийн албан хаагч оффшор бүсэд хадгаламж эзэмшихийг хориглох “Төрийн болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барив.

1990 оноос Монгол Улсын иргэд гадаадад зорчих эрх чөлөөтэй болсон. Үүнтэй холбоотой иргэд гадны оронд данс нээх, оффшор буюу татварын хөнгөлөлттэй бүсэд компани байгуулж бизнес эрхлэх нь нэмэгдсэн. 1990-2015 онд Монгол Улсад 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 10 тэрбум нь оффшор бүсээс орж ирсэн байна. Мөн хугацаанд Монгол улсад гадны хөрөнгө оруулалттай 13 мянган аж ахуйн нэгж байгуулагджээ. Үүнээс 1000 орчим нь оффшор бүс нутагт бүртгэлтэй компаниас хөрөнгө оруулалт авдаг хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэдээлэв.

Тэрбээр, “Монгол Улсад оффшор бүсийн асуудлыг зохицуулсан хууль байгаагүйтэй холбоотой төрийн алба хаагч, улс төрийн алба хаагчид оффшор бүсэд данс нээх, компани байгуулах, хувьцаа эзэмших зэргээр үйл ажиллагаа явуулах болсон. Энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байна гэсэн асуудал хөндөгдөх болсон. Үүнээс шалтгаалан Монгол төрийн нэр хүнд унаж байгаа. Тиймээс “Төрийн болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай” хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулиар төрийн болон улс төрийн албан тушаалтан буюу АТГ-т ХОМ өгдөг хүмүүс оффшор бүсэд данс нээх, гадны улс орнуудад хадгаламж эзэмших, компани байгуулах, хувьцаа эзэмшихийг хохирлохоор заасан. Харин хувийн хэвшлийн байгууллагууд оффшор бүсэд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө. “Оюутолгой”, “Энержи ресурс” зэрэг Монгол Улсад ихээхэн татвар төлж, ажлын байр ихээр бий болгож буй аж ахуйн нэгжүүд бүгд оффшор бүсээс хөрөнгө оруулалт авдаг.

Хэрэв оффшор бүсэд данстай эсхүл компанитай хүн төрийн албанд орох сонирхолтой бол үүнийгээ биечлэн хуулийн байгууллагуудад мэдэгдээд, 3 сарын дотор зөрчлөө арилгаад орж болно. Одоо оффшор бүсэд данс эзэмшиж байсан хүмүүсийн зөрчлийг арилгана. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн албанд орсон хүн оффшор бүсэд данс нээвэл төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасна. Мөн оффшор бүс дэх хөрөнгийг нь судалж, хураах зэргээр хариуцлага хүлээлгэх юм” хэмээв.

Хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэн батлахыг УИХ-ын даргаас хүсчээ.

Ч.Ариунболд

相关新闻