ДОРНОГОВЬ: “Музейтэй Дорноговь” сарын аянаар танин мэдэхүйн олон талт ажил өрнөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Музейтэй Дорноговь” сарын аян дууслаа.
Аяны хүрээнд аймгийн Музей сургалт судалгааны төвөөс шог зургийн үзэсгэлэн, аймгийн Политехник коллежийн багш нарын “Metal art” бүтээлийн үзэсгэлэн, “Үндэсний мөнгөн тэмдэгт” үзэсгэлэн, "city tour" Сайншанд хотын аялал, "Миний монгол хувцас", "Өнгөөр будацгаая" хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн боловсролын хөтөлбөр, музейн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зэрэг томоохон үйл ажиллагааг зохион байгуулжээ. Энэ дундаас шог зургийн үзэсгэлэн, “Metal art” үзэсгэлэнг хүмүүс өргөнөөр үзжээ.
Төмрөөр урласан урлагийн бүтээл нь мөн л шинэ сонин зүйлсийг үзэгчдэд мэдрүүлсэн байна. Тухайлбал, Политехник коллежийн гагнуурын багш Н.Батбаатар,
Н.Батхуяг, гар урлалын багш Г.Мөнхзаяа, Б.Түвшинтөр болон тус сургуулийн
оюутнуудын төмрөөр гагнаж хийсэн бүтээлийн үзэсгэлэнд говь нутгийг илэрхийлсэн үлэг гүрвэл, могой болон нисэх онгоц, мотоцикл
гээд олон төрлийн сэдвийг өгүүлжээ.
Мөн Улаанбаатар хотын төв талбайд 21 аймгийн “Гэр” үзэсгэлэнд өвлөн уламжлагчдын гар урлалын бүтээлүүд болон “Монгол гэр” боловсролын хөтөлбөрийг ес хоногийн турш хэрэгжүүлсэн байна.
Аяны хаалтад зориулж музейн дэргэдэх МУСТА уртын дуучин Ч.Цэрэндэжид багштай “Эвийн эгшиг” уртын дууны дугуйлан, А.Энхнаран багштай “Увидаст ятга” ятгын дугуйлангийн суралцагчид болон ерөөлч, магтаалч өвлөн уламжлагчдын ардын язгуур урлагийн тоглолтыг соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрт тавдугаар сарын 27-нд олон
түмний хүртээл болголоо.