ХОВД: Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/ Эрүүл мэндийн салбарын удирдах
ажилтны зөвлөгөөнийг өнөөдөр Ховд аймагт зохион байгууллаа.
Тус салбарт төр, хувийн хэвшлийн
100 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж, 1300 гаруй эмч, эмнэлгийн
мэргэжилтэн ажиллаж байна.
Энэ удаагийн зөвлөгөөнд 100 орчим
удирдах ажилтан оролцож, өнгөрсөн оны ажлаа дүгнэхийн зэрэгцээ цаашдын чиг
хандлагаа тодорхойллоо.
Ховд аймгийн эрүүл мэндийн
салбарынхан өнгөрсөн хугацаанд эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, урьдчилан
сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, оношилгоог эрчимжүүлэх чиглэлд онцгой анхаарч,
ажилдаа ахиц дэвшил гаргажээ.
Тухайлбал, хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны ажлын үзүүлэлтээр Ховд аймаг улсдаа тэргүүлж байна.
Тус аймаг 90333 хүн амтай. Одоогоор хүн амын 51.8 хувь нь эрт илрүүлэг үзлэгт хамрагджээ.
Салбарын хамт олон цаашид
нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэлд анхаарч,
иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хүүхдийн амны хөндийн өвчлөлийг
бууруулах зорилт дэвшүүлжээ.
Тус
зөвлөгөөнийг зохион байгуулснаар Эрүүл
мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон сум, өрхийн эрүүл
мэндийн төвүүд, бусад хувийн хэвшлийн байгууллагын ажлын улдаа холбоо, хамтын ажиллагаа
сайжрах юм.