БАЯНХОНГОР: Хөтөлбөрийн шилдэг оролцогчид эргэн төлөгдөхгүй санхүүгийн дэмжлэг олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн шинэ технологи, инновац бүхий шинэ санал, санаачилга гаргасан шилдэг Старт ап /гарааны бизнес/ залуу, залуучуудын багийг шалгаруулж, 10 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэгийг олгохоор болжээ.
"Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн шилдэг Старт ап-д санхүүгийн дэмжлэг олгох ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, "Хөгжлийн шийдэл" ТББ хамтран зохион байгуулна. Хөтөлбөрт Монгол улсын иргэн, 16-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд болон их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөөд гурав хүртэл жил болж байгаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан туршлагагүй ажил хайж буй залуучууд хамрагдах боломжтой юм.
Шалгаруулалтын нэгдүгээр шат Бизнес санааг хөгжүүлэх сургалт, урьдчилсан сонгон шалгаруулалт байх бол хоёрдугаар шат Хурдасгуур хөтөлбөрт хамрагдах, гуравдугаар шат Хөрөнгө оруулагчид төслөө танилцуулах DEMODAY үйл ажиллагаа гэсэн үе шаттай болно.
Бүртгэлийг зургаадугаар сарын 10 хүртэл хийх бөгөөд нэмэлт шаардлагын тухайд,
• Компанитай байж болохгүй
• Багийн гишүүд компаниас нийгмийн даатгал төлдөггүй байх /Хувиараа нийгмийн даатгал төлдөг бол болно/
• Бизнес санаа бусдаас шинэлэг, инновацлаг байх шаардлагатай.